logo

"Пусси Райот" хамтлагийн экс гишүүдийг Сочид саатуулжээ

2014/02/19

Оросын "Пусси Райот" панк хамтлагийн экс хоёр гишүүнийг мягмар гарагт Сочи хотын төвд байхад нь баривчилсан гэж тэдний нэгнийх нь нөхөр CNN-д мэдээлжээ. Мария Алёхина, Надежда Толоконникова нарыг Сочигийн Олимпийн наадам эхлэхээс өмнө шоронгоос суллаад байсан юм. Толоконниковагийн нөхрийн хэлснээр тэднийг далайн боомтын ойролцоо сэтгүүлчидтэй уулзаж байхад нь цагдаа нар ирж, авч явсан байна. Сочигийн цагдаагийн газар энэ мэдээлэл үнэн эсэхийг батлаагүй байгаа ч Толоконникова өөрийг нь цагдаагийн газар руу машинаар авч явж буй зургийг Твиттер хуудаснаа тавьжээ.

Харин Алёхина "Цагдаа нар биднийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Машинд хүчээр суулгасан" гэж жиргэсэн байна. Алёхина, Толоконникова нар "Путин эх орноо хэрхэн хайрлахыг заана" нэртэй дууг англи хэл дээр дуулахаар төлөвлөөд байжээ. 2012 оны хоёрдугаар сард "Пусси Райот" хамтлагийнхан Москва хотын сүмд Ерөнхийлөгч Путиныг шүүмжилсэн утгатай дуу дуулсны дараа шүүх тэдэнд хоёр жил хорих ял оноосон юм. Шүүгч Марина Сирова тэднийг шашны эсрэг үзэл гаргаж танхайрсан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэж буруутгаж байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш