logo
Уран биднийг дэлхийн нэртэй нөлөөтэй улс орон болгох гол хэрэгслэл нь биш гэж үү

Уран биднийг дэлхийн нэртэй нөлөөтэй улс орон болгох гол хэрэгслэл нь биш гэж үү

2011/09/08
Сүүлийн үед цөмийн хаягдлын асуудал Монголд хамгийн халуун ярианы сэдэв болоод байна.  Монголд цөмийн хаягдал булшлуулахгүй тухай амтай бүхэн чанга дуугарах боллоо. Үнэхээр эх сайхан Монгол орноо цөмийн хаягдлын үүр уурхай болгохыг хэн ч хүсэхгүй.  Би ч цөмийн хаягдлыг Монголд булшлахын эсрэгүүцэгч халуун  эх орончдын нэг нь. Гэхдээ энд бодох эргэцүүлэх зүйл байна аа бас. Бид зөвхөн цөмийн хаягдлын тухай яриад, уранаа яаж ашиглах тухай болон цөмийн түлшний үйлдвэр байгуулах эсэх талаар огт ярихгүй байна. Бид ураны асар их нөөцтэй дэлхийн цөөхөн орны нэг гэдэг нь тодорхой болж байна. Уран биднийг дэлхийн нэртэй нөлөөтэй улс орон болгох гол хэрэгслэл нь биш гэж үү. Гэтэл “цөмийн хаягдал гэж бузар булайг манайх булуулахгүй”, “уранаа ашиглахгүй” гээд нэг талыг бариад байж боломгүй санагдана. Яг үнэндээ ОХУ манай салхин дээр буюу Казакстандаа цөмийн хаягдлаа булж байна. Харин өмнөд хөрш маань манай Говь-Алтай аймгийн цаахан талд Ганьсу мужаа цөмийн хаягдлынхаа оршуулгын газар болгосон байх жишээтэй. Тиймээс бид арай өөр өнцгөөс харж, ач холбогдол хийгээд хор хөнөөлийг зэрэг харж, арай өргөн хүрээнд сэтгээд үзэх хэрэгтэй болоод байна.  
Өнөөдөр дэлхий Монголоос ямар ч хамааралгүй байна гээд хэлчихвэл нэг буруудахгүй байх. Манай хоёр их хөрш ч биднээс хамаарч буй зүйл алга. Харин бид дэлхийгээс болоод хөршүүдээсээ хэт хамааралтай байна. Хойд хөрш дургүйгээ хүрвэл бидэнд шатахуунаа нийлүүлэхгүй, өмнөд хөрш Эрээнээ хаана, иргэдээ визтэй зорчдог болгоно  гээд дарамталдаг.  Харин бидэнд  тэдний хариуд  хэлэх үг, гартаа барих мод байдаггүй шалдаа бууж өгдөг. Ийм л маягаар өнөө бидний гадаад харилцаа харилцан адилгүй тэгш бус шударга бус замаар хүчгүй нь хүчтэйгийнхээ өмнө буруутай гэдэг зарчмаар хөгжиж байна.
Уран стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг. Уранаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд цөмийн зэвсгээ үйлдвэрлэж,  атомын цахилгаан станцуудаа ажиллуулж, эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг. Эрчим хүчний эх үүсвэрээр гадаадаас хараат байхын зовлонг бид хангалттай эдэлж байна.  Гэтэл бид уранаараа дамжуулан эдгээр том гүрнүүдэд, түүний дотор хоёр хөршдөө хааяа ч болов нөлөө үзүүлэх, тэдний эсрэг гартаа барих ганц модтой болох боломжтой бус уу. Ер нь эрчим хүч бол олон улсын харилцаанд аль нэг орны байр сууриа бэхжүүлэх гол хэрэгсэл болж байгааг ОХУ-аас хөрш Гүрж, Укриан улсууддаа болон Еропын орнуудад үзүүлж буй хийн нийлүүлэлтийн дарамт шахалт нотолж байна. Тэгэхээр бид одоо энэ олдож буй алтан боломжийнхоо  тухай яримаар байна. Бид хөрш орнууддаа болоод дэлхийн бусад том гүрнүүдэд нөлөөлөх, тэднийг өөрөөсөө хамааралтай болгох өөр ямар ч боломж бидэнд байхгүй харагдаад байна. Бид хэдий их нүүрс, зэс, төмөр үйлдвэрлээд дэлхийд нөлөөгөө тогтоож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр баялаг чинь дэлхийгээр дүүрэн байгаа. Харин уран бол ховор баялаг. 
Бид өөрсдөө үйлдвэрлээгүй цөмийн түлшний хаягдлыг нутаг орондоо булшлуулахгүй. Харин бид дотооддоо цөмийн түлш үйлдвэрлэвэл хаягдлыг нь буцаан авч дотооддоо булшлах үүрэг хүлээх болно. Энэ бол олон улсын хэмжээнд нэгэнт тогтсон журам. Гэхдээ улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах, хөрш орнуудынхаа дарамтаас ангижрах, олон улсын нэр нөлөөгөө дээшлүүлэхийн тулд  энэ  зэргийн эрсдлийг  үүрэхэд болохгүй мэт санагдах юм.
ОХУ дэлхийд нэр нөлөөгөө тэлэхийн тулд сүүлийн жилүүдэд эрчим хүчний гол ханган нийлүүлэгч болох бодлогыг маш хүчтэй явуулж байгааг бид харж байна.  ОХУ дэлхийн газрын тосны хоёр дахь гол нийлүүлэгч болсон. ОХУ өөрөө ураны нөөц муутай учир Монголын ураныг авч өөрсдөө түлш үйлдвэрлэн бусад улсыг цөмийн түлшээр ханган  нөлөөгөө тэлэх бодлого туйлын идэвхитэй явуулж байна. Харин бид ураны эсрэг компанит ажлыг хамгийн хүчтэй явуулж байдаг. Монголын ураны салбарыг эрх мэдэлдээ авах гэсэн холоос шидсэн чулууг л бид хөөгөөд байгаа юм биш үү.
Монгол улсыг дэлхийн цөмийн түлшний томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч болгохыг хүсэхгүй УЛС бол яах аргагүй ОХУ мөн. Харин Монголын ураныг Оросын нөлөөнд өгөхгүй олуулаа эрх тэгш хамтран ашиглах стратегийн сонирхол олон улс гүрэнд, түүний дотор Хятад, АНУ, Япон зэрэг  томоохон улс орнуудад  байгаа учир бидний  мөрөөдөл биелэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, Арабын орнууд манай уранаас авч АЦС байгуулан эрчим хүчээ хангах санал хүсэлт тавьсан сураг дуулддаг. Дэлхийг нефтээр хангадаг эдгээр улсын эрчим хүчний хангамжийг бид хариуцдаг болбол бидэнд мөн их тустайяа. Бидэнд ямар нэг дарамт өмнөд хөршөөс ирлээ гэж санахад арабын орнууд нефтийн хангамжаараа хариу  барьж биднийг хамгаалах жишээтэй.
Энэ мэтээр бодоод үзэхэд цөмийн түлшний нийлүүлэгч болно гэдэг бол монголчууд бидэнд ганцхан олдох алтан боломж мэт санагдах юм. Асуудлыг энэ талаас нийтээрээ хэлцэж нэг тийш шийдэх санал тавьж байна. Энэ асуудлаар төр засаг, улс төрчид, эрдэмтэд дуу хоолойгооо илэрхийлж  ашиг тусыг олон талаас нь тунгаан хэлдцэх цаг болсон мэт санагдаж байна.
Э.Болор
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш