logo
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гишүүд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гишүүд хамтран ажиллана

2014/02/21
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батласан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг 2013-2016 онд 5 үндсэн чиглэлээр буюу Агаар цэвэр Улаанбаатар, Амины орон сууцтай Улаанбаатар, Ажилтай, орлоготой Улаанбаатар, Аюулгүй, амгалан Улаанбаатар, Авлигагүй Улаанбаатар гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийг чиглэл бүрээр хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй хамтран ажиллахаар болсон. 2013 оны 1-р сард Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхэлсэн бол өнөөдөр /02.20/ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Ингэснээр нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд дэмжин ажиллахаар болж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний хамтын ажиллагааны үр дүнд нийслэлийн татвар төлөгч иргэдийн мөнгийг тэдний сайн сайхан амьдралын төлөө, эрүүл, аюулгүй, ая тухтай Улаанбаатарыг цогцлуулахын тулд үр ашигтай зарцуулан ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш