НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ 2012-2016 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх тусламжийн ерөнхий хүрээ нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлсэн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан, цаг үеийн чухал асуудлуудыг багцлан стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон баримт бичиг болохыг талууд онцолж, 2012-2013 оны тайлангийн хугацаанд хийсэн ажлуудын үр дүнгээс гадна цаашдын хамтын ажиллагааны талаарх санал, зөвлөмжийг хэлэлцлээ.
Тайлангийн хугацаанд буюу 2012-2013 онд оролцогч талууд ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, хүрээлэн байгаа орчны тэнцвэртэй байдлыг хангах, ардчилсан засаглал ба хүний эрхийн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэж үзлээ. Ялангуяа 2013 онд үйл ажиллагааны хэрэгжилт өмнөх оноос эрчимжсэн нь НҮБ-ын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээс харагдаж байгааг сайд Л.Болд цохон тэмдэглэлээ.
Засгийн газартай хамтран санхүүжилтийг эрэлхийлэх, зардал хуваах асуудал Хөгжлийн тусламжийн хүрээний баримт бичигт тусгагдсан нь шинэлэг болсон бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх” төслийг дэмжиж, уг судалгааны төвийн үйл ажиллагааг тогтворжуулахад зориулж Засгийн газраас 330 мянган ам.долларыг эхний ээлжинд хандивласныг хурлын үеэр талууд онцолж байлаа.