Семинарт НҮБ-ын Сургалт, судалгааны төвийн Нью-Йорк дах салбарын захирал И.Лодико, "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөх Зөвлөл" ТББ-ын тэргүүн Р.ЛаГамма, НҮБ-ын Ардчиллын сангийн тэргүүн Р.Рич, Ардчилал болон сонгуулийн туслалцааны асуудлаарх олон улсын институтын төлөөлөгч М.Томмасоли зэрэг албаны хүмүүс оролцож, Ардчиллын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон цаашид ардчиллын боловсролыг хөгжүүлэхэд улс орнууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч ардчиллын боловсролыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглээд, "Ардчиллын боловсролын тухай" тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлуулсан хийгээд энэхүү тогтоолын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Мөн түүнчлэн ЕА-н тогтоолыг хэрэгжүүлэхэд бүх гишүүн орнууд идэвхи зүтгэл гарган ажиллах, улмаар ардчиллын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгах, энэ асуудлаар мэргэжлийн нарийн зөвлөгөө өгөх зэргээр гишүүн орнуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг уриалав.