Агаарын бохирдлыг бууруулахын тулд нарны эрчим хүчийг ашиглан гэр хорооллын айл өрхийн халаалтыг шийдвэрлэх зорилгоор шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх туршилтыг хоёрдугаар сарын 24-нээс эхлэн Улаанбаатар хотын хоёр, Эрдэнэт хотын хоёр айлд тус тус хийж байна.
СБД-ийн 12 дугаар хороо, Хангайн 2-94 тоот хашаанд оршин суух иргэн Я.Амарбаярын өвлийн байшин, таван ханатай гэрт хийж байгаа туршилтын ажилтай Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг нар танилцлаа.
Норвегийн эрдэмтэн Хегле Карлсены удирдлага дор Эрчим корпорацийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хийж байгаа туршилтын хүрээнд өдрийн цагт нарны эрчим хүчийг ашиглан дулаан агаар гаргах төхөрөөмжийг монгол гэр, өвлийн байшинд суурилуулснаар нүүрсний хэрэглээг 1/3-ээр бууруулж болохыг тогтоожээ. Энэ төхөөрөмжийн дулаан ялгаруулах чадал нь нь нарны илчлэг, тусгалын тунгалаг байдал, төхөөрөмж дээр тогтсон тортог зэргээс хамаарч 21 хувийн хэлбэлзэлтэй байдаг ажээ. Туршилтын хугацаанд 50 градус хүртэл дулаан агаар гаргаж байсан тухай эрдэмтэд хэлж байлаа.
Норвеги улсад 1 ам дөрвөлжин талбайг халаахад 65 квт/цаг эрчим хүч зарцуулдаг бол Улаанбаатар хотод бараг 3 дахин их эрчим хүч зарцуулж байгааг МУИС-ийн багш Б.Амарбаяр хэллээ. Нарны эрчим хүчийг ашиглан дулаан агаар гаргах төхөөрөмжийг, гэр байшинг дулаалах технологитой хавсран гүйцэтгэх нь илүү үр дүнтэй болохыг Норвегийн эрдэмтэн Хегле Карлсен Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвт хэллээ. Учир нь манайд монгол гэрийн тооно, шалаар, өвлийн байшинд шал, цонхоор их хэмжээний дулаан алдагдаж байгааг тэр тооцож гаргажээ.
Туршилтын үр дүнг нарийн тооцож, дэлгэрэнгүй тайлан бэлтгэж ойрын хугацаанд танилцуулахыг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв Эрчим корпорацийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаад үүрэг болголоо. Дашрамд дурдахад Монгол Улсын засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар эрчимтэй арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа энэ үед бас нэг оновчтой шийдлийн нэгийг энэ туршилтын үр дүнд гаргаж болох юм гэж ЭХЯ-ны удирдлагууд найдаж байгаа юм.