Манай Улсад жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байгааг статистик мэдээнээс харж болно. 1929 онд Монгол Улсын хэмжээнд 20 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 1931 онд 121, 1940 онд 928, 1960 онд 10’835, 2002 онд 103’805 тээврийн хэрэгсэлтэй болжээ. Харин 2013 онд нийслэлд 257,498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд 49 000 тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авчээ. НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон ч тээврийн хэрэгслийн энэхүү механик өсөлт нь замын хөдөлгөөний түгжрэлийг нэмэгдүүлсээр байгаа юм. Тиймээс “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тээврийн хэрэгслийн механик өсөлттэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шинээр ямар зохицуулалт хийх нь зохистой талаар олон нийтээс санал авч эхэллээ. Нийслэлийн иргэн НЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn хаягаар орж санал асуулгад идэвхтэй оролцоно уу гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.