logo

"Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе" хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө

2014/03/07

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгуулагууд, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисс, Жендерийн Үндэсний Хороо, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв, Олуулаа клуб  зэрэг хүний эрхийн байгуулагуудын төлөөлөл оролцон, гэр бүлийн хүчирхийлэл, нийгэмд үүсэж буй сөрөг хандлагууд, тэдгээрийг даван туулах аргачлал, олон нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм.
 
Түүнчлэн хэлэлцүүлгийн хүрээнд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн  мэргэлжилтэн Д.Ариунтариа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын тухай ”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн М.Мөнхсаруул “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн анхаарах асуудал” , Иргэний нийгэм хүний хөгжлийн хорооны гишүүн Б.Батзаяа “Гэр бүлийн өмгөөллийн эрхзүйн орчин, өмгөөлөл” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
 
Улмаар Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд  шинээр байгуулагдсан  Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сэржмядаг нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж, мэдээлэл хийснээс гадна “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” олон нийтийн оролцооны төслийг санаачлаад байгаа залуусын төлөөлөл мөн хэлэлцүүлэгт оролцсон юм.
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг анхлан санаачилж зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.  Цаашлаад жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уг хэлэлцүүлэг, нийтлэлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
 
“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” нийтлэлийн уралдаан, хэлэлцүүлгийг Daimond press club, Өдрийн сонин, Улс төрийн тойм, Ардчилал, Үндэсний шуудан зэрэг өдөр тутмын сонинууд, Монголын сайтын холбоо, P3 радио 100,9 зэрэг  байгуулагууд дэмжин ажилласан юм. 
 
 
 
 
 
 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш