- Багийн хөгжил бол өрх гэрийн хөгжил юм. Иймээс хөдөөд хүнд, тэр дундаа өрх гэрт чиглэсэн бодлого, зохицуулалтууд хэрэгтэй байна гэж багийн Засаг дарга нар хэлж, Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлж буй бодлогын санал нэгтэй дэмжиж байна -
ЗГХЭГ-аас зохион байгуулсан “Баг-иргэний засаг захиргаа” анхдугаар хэлэлцүүлэг Булган аймгийн төвд хоёр өдөр үргэлжиллээ.
Төрийн байгууламжийн анхан шатны нэгж багаар дамжуулан өрх гэр, иргэдэд хүргэх үйлчилгээг чанаржуулахын тулд Шинэчлэлийн Засгийн газар бодлогын томоохон шинэчлэл хийх гэж байна. Төр-иргэний гүүр болдог багийн ажил, үйлчилгээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхаарал хандуулж, багийн шинэчлэлийн бодлого боловсруулах ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа юм. Тус ажлын хэсгээс энэ онд 10 аймагт хэлэлцүүлэг хийх ба эхний удаагийнхад Орхон, Булган аймгийн 100 багийн Засаг дарга нар оролцлоо. Хэлэлцүүлгээр багийн шинэчлэлийн бодлого, зорилтыг Засаг дарга нарт нь тайлбарлан ойлгуулж, санал бодлыг нь сонсч байна.
50 шахам хуулийн заалтаар ажил үүрэг хариуцан гүйцэтгэдэг, 100-гаад төрлийн судалгаагаар хүн төрөхөөс үхэх хүртэлх бүх үйл явцад оролцдог нь “батлагдсан” гэж багийн Засаг дарга нар өөрсдийнхөө ажил үүргийн хүрээг тодорхойлсон юм. Өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нэн ядуу өрх гээд нийгмийн үйлчилгээ шаардлагатай бүлэг бүртэй тэд тулж ажилладаг. Газар дээр нь, “галын шугам”-нд ажил үүргээ сайн гүйцэтгэхэд багийн Засаг дарга нарт юу саад бэрхшээл учруулж байна, тэд өдөр тутам ямар ажилд их цаг зарцуулж байна, төрийн үйлчилгээг шууд хүргэдэг анхан шатны нэгжийн хувьд багаас айл өрх, иргэддээ ямар үйлчилгээ үзүүлдэг болох хэрэгтэй вэ, засаг захиргааны дээд шатны нэгжүүдээс аль ажил, үйлчилгээг баг руу шилжүүлбэл үр дүнтэй вэ гэх мэт олон асуудлаар тэд санал бодлоо илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлэгт Орхон, Булган аймгийн 100 багийн Засаг дарга нараас 43 нь үг хэлж, 101 санал гаргажээ. Багийн Засаг дарга нараас дэвшүүлсэн саналыг тоймлоё.
Байршлын онцлог, өрхийн тооны дээд хязгаараар багуудыг стандартчилъя
Монгол Улс 1600 шахам багтай, үүний 10 шахам хувь нь хэт олон хүн амтай. Орхон аймгийн Баян-Өндөр сумын багууд гэхэд 1500-2000 өрх, 4000-6000 иргэнд хүрч үйлчлэх үүрэг хүлээдэг. Өнөөгийн мөрдөж буй хуулиар 5000 хүнтэй багийн Иргэдийн нийтийн хурал (ИНХ) 800-1000 хүн цуглуулж байж л хурлаа хийж, шийдвэр гаргах шаардлагатай. Ийм тооны хүн багтах байр сав хүндрэлтэй, зар хүргэх, цуглуулах, саналыг нь авах гээд шат бүрт нүсэр ажиллагаа, хүндрэл бий болдог байна. Алслагдсан бүс нутгийн гурван ч сум нийлүүлсэнтэй дүйцэх өндөр ачаалал үүрдэг эдгээр багийн Засаг даргын авдаг цалинд нэмэгдэл байхгүй. Нөгөөтэйгүүр, хөдөөгийн багийн айлууд өвөл оторлож явсаар 1000 км-ийн алсад хүртэл нүүгээд оччихдог учраас тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх гэдэг хүч, хөрөнгө сорьсон том даваа болдог гэнэ.
Төв, хөдөөгийн багийн ийм ялгааг нэг жигд зохицуулалтаар жолоодох аргагүй, өөрчлөлт хэрэгтэй гэж багийн Засаг нар хэллээ. Багуудыг суурин, хөдөөгийн баг гэх маягаар загварчлан ангилж, хүн амын тоо, үзүүлэх үйлчилгээнд нь стандарт тогтоож өгмөөр байна гэсэн саналыг багийн Засаг дарга нар дэвшүүллээ.
Багийн Засаг дарга төрийн захиргааны албан хаагч баймаар байна
Багийн Засаг дарга намын харъяаллаар бус иргэдийнхээ дундаас нэр дэвшиж сонгогддог ч өнөөдөр нам дагасан ажилд хүч өргөх арын алба болж хувираад байна. “Дарга нар” ирэхэд зар тарааж хүн цуглуулж өгдөг, заал танхим дүүргэх дайчилгаанд татагддаг гэж Засаг дарга нар өөрсдийнхөө “улстөржсөн” ажлыг тодорхойллоо. Тэд төрийн албаны улс төрийн албан хаагчийн ангилалд багтаж, сумын Засаг дарга томилж ажилладаг учраас улс төрийн нөлөөнд хүссэн хүсээгүй ордог гэнэ.
Уг нь багийн Засаг дарга хүн хувь иргэн, айл өрхийн асуудлыг мэдэж хариуцдаг “Иргэний захиргааны мэргэшсэн албан хаагч” байх ёстой. Иргэний үйлчилгээг тогтмол, тасралтгүй, залгамж чанартай явуулахын тулд багийн Засаг дарга нар төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байх хэрэгтэй гэж тэдний олонх нь үзлээ.
Баримт мэдээллийг нэгдсэн журмаар авдаг болгооч
Улсын хэмжээний нэгдсэн статистик дүн мэдээний анхны эх сурвалж нь багийн Засаг дарга. Тэд 40 гаруй төрлийн 100 гаруй статистик мэдээ, судалгаа гаргаж өгдөг. Эдгээрээс гадна зарим байгууллагын шаарддаг зарим “албан бус” мэдээллийг таамгаар тавьж явуулдаг нь нууц биш тухай хэлэлцүүлгийн үеэр дурьдаж байв. Гэвч, ажлаа тааруу хийлээ гэж тэднийг чичлэхээс өмнө хөдөлмөрийн нөхцөлийг нь эргэж харах хэрэгтэйг санууллаа.
Сум аймаг, яам агентлагууд гээд дээд шатны бүх байгууллагуудаас тус тусдаа нэхсэн элдэв тоо баримт, дүн мэдээллийг шахуу хугацаанд гаргаж өгөхөд бид ажлын ихэнх цагаа зарцуулдаг. Бусад байгууллагад зориулж тодорхойлолт гаргах ийм ажилд дарагдаад, ажлын таван өдрийн ганцад нь л айл өрхөөрөө явдаг болсныг багийн Засаг дарга нар хэллээ.
Дээрх мэдээллүүдийг нэгдсэн журмаар нэг удаа гаргаж өгдөг, түүнийг нь авч нэгтгэсэн газраас төрийн байгууллагууд хүссэн тоо баримтаа татаад ашигладаг болох хэрэгтэй. Эсвэл ийм ажлыг маань хариуцах туслах ажилтан нэг хүний орон тоо баталж өгмөөр байна гэсэн санал хэлэлцүүлгийн үеэр олон давтагдлаа.
Багийн Засаг даргад туслах хүч үндсэндээ үгүй. Багийн хүн, хүний эмч гээд “нэг тогооны” ажилтнууд нь өөр өөрсдийн шугамаар дээд байгууллагадаа харъяалагддаг учраас тэдэнд захирагдахгүй. Багийн Засаг дарга нарын ачааг үүрэлцэх ёстой ИНХ-ын дарга нар ихэвчлэн давхар алба эрхэлдэг учраас тогтмол ажилладаггүй. Энэ нь урамшууллын хэмжээ багаас, бас хамт сууж ажиллах өрөө тасалгааны хүртээмжгүйгээс их хамаардаг гэж Засаг дарга нар дүгнэлээ.
Зар түгээхэд өөр зохион байгуулалт хэрэгтэй
Иргэндээ төрийн үйлчилгээ хүргэхийн тулд, зар мэдээ дуулгахын тулд, татвар хураамж цуглуулахын тулд багийн Засаг дарга айл бүрээр очих шаардлагатай. Сүүлийн үед өвөлжөө хаваржаа, отор нүүдлийн бэлчээрийн маргааныг зохицуулагч нь багийн Засаг дарга болсон.
Гэвч тэдэнд албаны унаа гэж байдаггүй. Хариуцсан хүн амынх нь тооноос хамаараад сард 10-30 литр бензиний талон өгдөг нь дандаа хэтэрч хэрэглэгддэг гэнэ. Иймээс тэд “Хувийн мотоциклдоо цалингаасаа нэмж бензин хийгээд ч зарим үед айлуудаа бүтэн тойрч чаддаггүй. Багийн дарга нарыг унаажуулах, үгүй бол түлш шатахууны төсвийг нь нэмж өгөх шаардлагатай байна” гэлээ.
Хөдөөгийн багт Засаг дарга ихэвчлэн биечлэн явах шаардлагатай байдаг бол төвийнхөд хялбар аргууд бий. Орон нутгийн радио, телевизээр зар явуулж болно, утсаар дуулгаж болно. Хөдөө малчдын гэрт телевизийн 60 суваг гардаг ч орон нутгийн суваг нь байдаггүй, үүнийг шийдэх боломж бий эсэхийг багийн дарга нар асууж байв.
Ер нь цаашид баг, сум бүр айл өрхдөө мэдээлэл хүргэх өөрийн онцлогт тохирсон журамтай, төсөвтэй болох хэрэгтэйг тэд онцоллоо. Өнөөг хүртэл багийн нөхцөл байдлын нарийвчилсан судалгаа манай улсад гараагүй, багийн хөгжлийн төлөвлөгөө ч яригддаггүй гэж багийн Засаг дарга нар ярилаа.
Төсвийн эрх мэдэлгүй учраас бид уламжилдаг
Сумын хөгжлийн сан, Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан суманд их хэмжээний мөнгө очдог болсон. 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 250 шахам тэрбум төгрөг болсон нь Монгол Улсын 1998 оны бүтэн төсөвтэй тэнцэх дүн юм. Гэтэл багийн Засаг дарга нар энэ хөрөнгөөс нэг ч төгрөг захиран зарцуулах эрхгүй байна. Тэдэнд аливаа асуудлыг шийдэх эрх байхгүй учраас иргэнийхээ санал хүсэлтийг дээд шатныхандаа уламжилдаг, дамжуулдаг үүрэгтэй гэнэ.
Хөгжил доороосоо эхлэх ёстой. Аливаа шийдвэрт иргэдийн өгсөн саналыг эрэмбэлж тооцдог, орон нутгийнхан өөрсдөө нээлттэй, шударга оролцож хянадаг төсөв зарцуулалтын тогтолцоонд шилжихээр Засгийн газар зорьж байна. Энэ бодлоготой уялдуулаад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс багийн Засаг даргын мэдэлд тодорхой хувийг нь шилжүүлдэг болмоор байна гэж тэд санал дэвшүүллээ.
Багийн төсөвт цалин, шатахууны зардал мэтхэнээс гадна айл өрхийнхөө хоршоо ажлыг дэмжих санхүүгийн эх үүсвэртэй болбол монголчуудын уламжлалт аж ахуй, үйлдвэрлэлийг бичил түвшинд эргэлтэд оруулаад байх боломжтой. Монголчууд эртнээсээ өөрөө ажилладаг систем ажиллуулж сурсан ард түмэн учраас зөв гольдролд нэг орчихвол төрөөс, дээрээс хишиг хүлээж суухаа больж, бүтээлч санаачилгатай хэвшилд шилжиж чадна гэж багийн удирдлагууд үзэж байна.
Төрийн зарим үйлчилгээг багт шилжүүлбэл илүү үр дүнтэй
Багт өгвөл зохих, илүү үр дүнтэй зохицуулалт болж чадах зарим үйлчилгээг тэд нэрлэлээ. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг баг дээрээ бүрэн шийддэг болбол иргэний бүртгэлийн ажил шуурхай, зөрүүгүй үнэн явагдах боломжтой. Нийгмийн халамжийн зарим үйлчилгээг төсөв мөнгөтэй нь хамт багт өгчихвөл иргэнд учирдаг төвөг саад бага ч гэсэн хумигдана гэж Засаг дарга нар санал нэгдлээ.
Багийн иргэдээс ирүүлдэг саналын 50 хувь нь халамж үйлчилгээтэй холбоотой байдаг ба эдгээрийг өмнө хэлсэнчлэн цааш уламжилдаг гэнэ. Гэхдээ тухайн асуудал дээд шатанд яаж шийдвэрлэгдэж байгааг хянах механизмгүй, цаг хугацаа их алддаг учраас ахиад л өөрсдөө араас нь эрэл сурал тавьж хөөцөлддөгөө жишээ татан ярьцгаалаа. Түлээ нүүрсний дэмжлэг өгөх, орон гэр олгох гэх мэт багийн Засаг даргын тодорхойлолтоор хийгддэг халамжийн үйлчилгээг дараагийн шат руу дамжуулалгүй анхан шатанд нь шууд бие даан хэрэгжүүлэх боломжтой гэж тэд үзэж байна.
Багийн Засаг даргад боловсрол, мэдлэгийн шалгуур тавья
Багийн Засаг дарга болоод ИНХ-ын даргад улс төрийн мэдлэгийн болон боловсролын шалгуур тавьдаггүй. Нэг үеийг бодоход багийн удирдлагуудын боловсролын түвшин өссөн ч ур чадварын хувьд хангалтгүй байх нь олонтаа. Орчин үеийн “хөгжсөн” хүмүүстэй харилцах хүн дээд боловсрол эзэмшсэн, хууль эрх зүйн мэдлэг хуримтлуулсан байхыг цаг үе шаардаж байна. ИНХ-д гэхэд хурал удирдах чадваргүй, хяналт тавьж чадахгүй хүмүүс гарахад ажил тэр хэрээр унадаг гэж Засаг дарга нар үзэж байна.
Хөдөөд малд биш хүнд чиглэсэн бодлого үгүйлэгдэж байна
Багуудын хилийн цавыг шинэчлэх, бэлчээрийн менежментэд зохицуулалт хийх гэх мэт “мал”-тай холбоотой цөөн санал хэлэлцүүлгийн үеэр гарсан юм. Энэ нь хэлэлцүүлгээр бүхэлдээ хүнд, өрх гэрт хүргэх шаардлагатай төрийн үйлчилгээний талаар ярьсантай холбоотой. Шинэчлэлийн Засгийн газар ч энэ чиглэл хандлагад бодлогын өөрчлөлт хийхийг зорьж байгаа юм.
Хүнээ биш малаа тоолдог, толгой дараалан төрийн хамгаалалтад авдаг гэсэн шүүмж ардчилсан Монгол Улсын үед ч арилаагүйн шалтгаан бол хөдөөг хөгжүүлэх бодлогод хүнээ хамгаалах асуудлыг орхигдуулж ирсэнтэй холбоотой.
Энэ үзэгдэл социализмын үеэс эхтэй. Эртнээс уламжилж ирсэн аравт, зуут, мянгат гэх мэт багийн, өрхийн уламжлалт зохион байгуулалтыг тэр үед үндсээр нь өөрчилсөн байдаг. 1959 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 129-р зарлигаар тухайн үед засаг захиргааны нэгж байсан 1692 багийг татан буулгаж, багийн үүргийг нэгдлийн бригад, ХАА-н фермийн дарга нарт хариуцуулсан юм. Үүнээс хойш хүнд биш малд төвлөрсөн эрх үүрэг, цалин мөнгө, орон тоо, албан хаягтай болж, төрийн захиргааны анхан шатны нэгж улсын захиалга даалгавар биелүүлэгч аж ахуйн объект болж хувирчээ.
33 жилийн дараа 1992 онд ардчилсан Үндсэн хуулиар “баг” гэдэг төрт ёсны анхны уламжлалт нэгжээ сэргээсэн ч өнөөг хүртэл “бригад” нэрээ сольсноос өөр шинэчлэлт хийгдээгүй юм. “Иймд дутуу орхисон шинэчлэлээ гүйцээж, багийг мал бригадын зохион байгуулалтын дадал хэвшлээс гарган өрх гэрийн хүн амд төрийн үйлчилгээ хүргэх нэгж болгох, нөгөөтэйгүүр багийн доторхи асуудлаа өөрсдөө бие даан шийдэх орчин бүрдүүлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар бодлогодоо та бүхний саналыг тусгана” гэж хэлэлцүүлгийг удирдсан ЗГХЭГ-ын ахлах референт Ш.Бямбаа онцолсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, дүгнэлттэй Ерөнхий сайд танилцаад, ажлын хэсэгт үүрэг чиглэл өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.