АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Хятадад долоо хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүллээ. Тэрээр хоёр охин, ээжийнхээ хамт яваа бөгөөд Бээжин болон Чендуд саатаж, урд хөршийн тэргүүн хатагтайтай уулзах юм байна. Хятадын телевизээр Мишелийн айлчлалыг "зөөлөн дипломат бодлого" хэмээн тодотгосны зэрэгцээ Хятад-Америкийн харилцааг сайжруулах боломж хэмээн мэдээлжээ. Тодруулбал "Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн гэр бүлүүдийн хувийн харилцаа бэхжих нь Бээжин, Вашингтоны харилцан ойлголцол сайжрахад түлхэц болно" хэмээн Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Мишель Обама өөрийн блогтоо айлчлалынхаа үеэр боловсролын асуудалд анхаарлаа хандуулна хэмээн бичжээ. Энэ ч утгаараа тэрээр оюутнуудтай уулзаж, Бээжингийн Их сургууль дээр илтгэл тавихаар төлөвлөсөн байна. Мишелийн айлчлал Зүүн Хятадын Тэнгис дэх арлын маргаан, Крым, Хятад-Хойд Солонгосын харилцаа зэрэг олон асуудал Хятад-Америкийн харилцааг "шалгаж" байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог болж байна. Гэхдээ Цагаан Ордны зүгээс айлчлал ямар нэг улс төрийн утга агуулгагүй гэж мэдэгдээд байгаа юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/