logo
Д.Батжаргал: “Ноёд констракшн” компани С.Билэгтийнх биш гэдгийг шүүхээс тогтоолоо

Д.Батжаргал: “Ноёд констракшн” компани С.Билэгтийнх биш гэдгийг шүүхээс тогтоолоо

2014/03/21

“Ноёд констракшн” компанийг С.Билэгтийнх биш гэдгийг шүүхээс тогтоосон талаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батжаргалын ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.

- “Ноёд констракшн”-ийн талаар янз бүрийн мэдээлэл явж байна. Та тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

- Би 2009 оноос эхлэн “ Ноёд констракшн” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд гүйцэтгэх захирлын эрх үүргийн дагуу өөрөөр хэлбэл, хуулийн дагуу ажиллаж байв.  Гүйцэтгэх захирлын гэрээнд зааснаар бол тус компанийн гүйцэтгэх захирал нь нэг сая төгрөгийг зарцуулах эрхтэй. Үүнээс дээш мөнгөн дүн гарах юм бол “ Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж гарын үсэг зурж,  шийдвэрлэх үүрэгтэй байсан.

Та нэг сая төгрөг зарцуулах эрхтэй гэж хэллээ. Таныг ямар учраас гурван сар  баривчилж хорьж цагдсан юм бэ?

-       Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа иргэн С.Билэгттэй гэрээ байгуулан ажилласан юм. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг харахаар бодит байдлаас тэс өөр зүйл яваад байгаа учраас хэвлэлд хандаж байгаа хэрэг. Яг юу болсон гэхээр компанийн тухай хуулиар би нэг сая төгрөг зарцуулах эрхтэйгээр иргэн С.Билэгттэй гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн юм. Гэтэл иргэн С.Билэгт үүнийг мушгин гуйвуулж өөрийнх нь компани мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж байгаад ихээхэн харамсч байна. Уг нь энэ компанийн хууль ёсны өмчлөгч нь Г.Дамдиндорж гэдэг хүн байгаа юм. Миний хувьд нэг сая төгрөгийн эрхтэй л захирал байсан гэсэн үг. Үүнийхээ хариуд сая гурван сар гаруй хугацаанд хоригдож байгаад гарч ирлээ.

“Ноёд констракшн” компанитай холбоотой шүүх хурал болсон гэсэн. Ямар шийдвэр гарсан юм бэ?

-    Иргэн С.Билэгтийн нэхэмжлэлтэй шүүх хурал саяхан болж өнгөрсөн.  Тус шүүх хурал нь иргэний хэргийн нэгдүгээр тойргийн шүүхээр хэлэлцэгдсэн. Энэ хурал 2014 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болсон. Би тус хуралд хариуцагчаар оролцож, хөрөнгийн эзэн гэдгээр нь Г.Буяндорж шүүх хуралд оролцсон. Шүүх хурал зургаан цаг гаруй үргэлжилсэн.  Тус шүүх хурлаар иргэн С.Билэгтийг “Ноёд констракшн” компанийг худалдаж авсан гэх 540 сая төгрөгийн баримтыг гаргаж өгөхийг шүүхээс хүссэн. Өөрөөр хэлбэл, нотлох баримт цуглуулах захирамжийг шүүхээс гаргасан гэсэн үг. Мөн “Сэлэнгэ” хорооллын А, В блокуудыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдаж авсан бэ гэдгийг шүүхээс шаардсан боловч шүүх хурал дээр С.Билэгт нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Нэг ёсондоо олон сар жил “Ноёд констракшн” минийх гээд байгаа С.Билэгтийн яриад байгаа зүйл шүүх хурал дээр нотлогдоогүй юм.

-       Ингэхэд 540 сая төгрөгийн эх үүсвэр хаанаас үүдэлтэй юм бэ?

-       Энэ 540 сая төгрөгийн асуудлыг С.Билэгт л ярьдаг болохоос биш, яг амьдрал дээр  540 сая төгрөгийг өгч авсан зүйл байхгүй шүү дээ. Үүнийг сая шүүхээс албан ёсоор тогтоож өглөө. Тиймээс иргэн С.Билэгтийн нэхэмжлэлтэй энэ хэргийг шүүхээс  албан ёсоор хэрэгсэхгүй болголоо. Шүүх ийн захирамжид зааснаар бол нэхэмжлэгч талынхан  арав хоногийн дотор гомдол гаргаж болно гэж байгаа. Энэ хугацаа нь гуравдугаар сарын 7-ны өдөр дуусгавар болсон.  Энэ тохиолдолд шүүхийн анхан шатны шийдвэрийн дагуу С.Билэгт “Ноёд констракшн” компанийн өмчлөгч гэдгийг шүүхийн өмнө нотолж чадаагүй гэсэн үг юм. Тиймээс иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас цаашдаа энэ асуудал эрүүгийн асуудал болж хувирах магадлалтай. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь “Ноёд констракшн” компанийн захирал Г.Дамдиндорж гэдгийг тогтоосон. Харамсалтай нь энэ шийдвэрийг иргэн С.Билэгт үл биелүүлж,  шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд С.Билэгт  200 гаруй айлын орон сууцыг зарж борлуулан 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш