logo
74 ахмад байртай боллоо

74 ахмад байртай боллоо

2014/03/27
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Долдугаар хороолол дахь 300 айлын орон сууцанд журамд заасан шалгуур хангасан ахмадууд орж эхэлсэн. Энэхүү орон сууцны хамгийн сүүлийн ээлжинд орох 74 ахмад өнөөдөр эрхийн бичгээ гардан авлаа.

Хөтөлбөрт төр нийгмийнхээ төлөө олон жил хөдөлмөрлөсөн ч өдгөө өөрийн гэсэн амьдрах орон гэргүй, ахмад дайчин, хэлмэгдэгсдийн ар гэр, хүнд өвчтэй хүмүүс багтсан юм. Нийт иргэдийн 58.3 хувь нь эмэгтэй, 41.7 хувь нь эрэгтэй, 20 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 76 хувь ахмад настан, 4 хувь нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн орон гэргүй болсон иргэд эзлэж байгаа. Хамгийн өндөр нь 104 настай юм.

Ахмадуудыг оруулж буй байрны хамгийн жижиг өрөө нь 25.8 м2, хамгийн том өрөө нь 37.3 м2 хэмжээтэй. 1 м2 талбайн түрээсийн төлбөр 3000 төгрөг бөгөөд уг байрыг ахмадууд сард 77.4-111.9 мянган төгрөгөөр түрээслэн ашиглалтын зардлаа нэмж төлөн амьдарна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш