Дэлхийн дулаарлын нөлөө ноцтой хэмжээнд хүрч, өргөн хүрээг хамарч магадгүйг НҮБ-ын томоохон тайланд анхаарууллаа. Японд уулзсан эрдэмтэд болон албаныхны хэлснээр энэ нь цаг уурын өөрчлөлтийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг хамгийн бодитой, олон талт байдлаар үнэлсэн тайлан болсон байна. Мянга гаруй хуудас тайланд онцолсноор цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж үерийн давтамж нэмэгддэг төдийгүй тариалангийн гарц буурч, усны тархац хомсддог ажээ. Эдгээр өөрчлөлтүүдэд хүн төрөлхтөн дасан зохицож чадах хэдий ч энэ нь мөн хязгаартай гэдгийг дурдсан байна.
Түүнчлэн агаарын хэм нэмэгдэж байгаа нь хүмүүсийн эрүүл мэнд, орон гэр, хоол хүнс, аюулгүй байдалд аюул занал учруулж байгааг тайлангийн дүгнэлт хэсэгт оруулжээ. Тиймээс НҮБ дэлхийн улс орнуудын засгийн газруудад хандан зарим боломжит сонголтууд үгүй болохоос өмнө дулаарлаас үүдэлтэй "илэрхий" аюулыг холдуулах тал дээр санаачлага гарган ажиллахыг уриалаад байна. Цаг уурын өөрчлөлтийг судалдаг засгийн газар хоорондын комиссоос мэдээлснээр 1950 оноос хойш дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хий болон бусад бодисууд нэмэгдсэнээс үүдэлтэйгээр цаг уур ойролцоогоор цельсийн 0.6 хэмээр дулаарчээ. НҮБ-ын тайлангийн 9-р сард танилцуулсан эхний хэсэгт дүгнэснээр цаашдаа дэлхийн дундаж температур цельсийн 1.6-3.7 хэмээр дулаарч магадгүй байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/