Нийслэл хотын авто замын сүлжээнд энэ жил нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Тэдгээрийн нэг нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажил юм. Энэхүү шинэ замыг барьснаар Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх ажээ. Ийнхүү төрийн мэдлийн том хашаа түмний зорчих зам болохоор төлөвлөгджээ.