Өнөөдөр ханш нээж буй өдөр. Энэ өдөр ичигсэд хөдөлж хаврын улирал ирснийг дэлхий дахинд мэдэгддэг. Ханш нээх өдөр буян үйлдвээс машид сайн хэмээн бурханы шашинтнууд өгүүлдэг. Ер нь энэ өдөр ямар үйл хийх ёстой болон бусад асуудлаар “Улаанбаатар Буян “компанийн ТУЗ-ийн гишүүн, шашны бодлогын зөвлөх А.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Өнөөдөр ханш нээж байна. Ер ньханш нээнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Яагаад энэ өдөр хүмүүс буян үйлдэх ёстой,ямар учир утгатай гэдгээс яриагаа эхэлье?
Ханш нээх гэдэг маань ичигсэд хөдлөх гэсэн утгатай үг.Жил бүрийн хаврын ханш нээх өдөр Зүүн өмнөд азийн орнууд өөрийн улс үндэстнийхээ ёс жаягийн дагуу ёслол үйлддэг. Гандантэгчилэн хийдийнхэн гэхэд бурхан болоочдынхоо хойноос буян ном хурдаг заншилтай.Сүүлийн үед уламжлал болж буй арга хэмжээний нэг гэхэд нэг их хилс болохгүй.Ер нь Азийн ихэнх орнууд энэ өдөр нас барагсдаа санан дурсдаг.Бас цагаан хоол иддэг. Миний хувьд энэ өдрийг буяны өдөр болгон тэмдэглэдэг байвал зүгээр гэж боддог.
-Монголчууд ханш нээх өдөр бурхан болоочоо эргэх ёстой гэдэг?
Манай буяны төв нээгдсэн цагаас л иргэд энэ өдрийг болон бурхан болоочдод буян хийхэд сайн өдрүүдийг сануулж байх талаар хүсэлт гаргасан.Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийн дагуужил бүрийн Зулын 25, Ханш нээх өдрүүдийг олон нийтэд мэдэгдэж буян үйлддэг болоод арван жилийн нүүрийг үзэж байна.Энэ жилийн ханш нээх өдөр дөрөвдүгээр сарын таванд таарсан.Тэхээрэнэ өдрөөс хойш хэзээ ч бурхан болоочийгоо эргэж болно.Мэдээж өөрийнхөө час өдөр буяны газар очиж болдоггүй гэдгийг мэдэх байх хүмүүс.Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ өдөртэй холбоотойгоор олон тайлбарууд яригддаг болсон.Ер нь монголчууд байгальтайгаа их ойрхон байгаа цөөн үндэстний нэг шүү дээ.
Энэ зан үйлтэй холбоотойгоор би нэг зүйлийг ажигласан юм.Юу гэхээр энэ өдөр бурхан болоочоо хүндэтгэн очсон хүн бүр ямар нэгэн хэмжээгэр гал гаргадаг.Арц, хүж асаахаас эхлээд.Энэ бол монгол хүн байгальтайгаа ойрхон байгаагийн тод жишээ.Өөрөөр хэлбэл байгалаасаа өөрийгөө хамгаалах,цэвэрлэхзан үйл хийж байна гэсэн үг.Гаднаас ирж байгаа элдэв янзын хороор өөрийгөө хордуулахгүйн тулд гал гаргаж байна гэж би хувьдаа бодсон.
- Ер нь яагаад энэ өдөр бурхан болоочийгоо санах ёстой юм бол?
Хаврын сарын ханш нээх өдөр ичигсэд хөдөлдөг гэж би түрүүнд хэлсэн.Харин бурхан болоочийнхоо газар дээрочих нь хятадын ард түмний өв соёлтой холбоотой.Хятадууд сүнсний боловсрол,сүнстэй харьцах харьцаагаараа маш өндөр түвшинд хүрсэн. Тийм учраас тэд энэ өдөр бурхан болоочийгоо хүндэтгэх ёслол үйлддэ г.Манай улсын хувьд ч гэсэн энэ өдөр бурхан болоочдынхоо газрыг эргэн буян хийж хүндэтгэл үзүүлэх нь нилээн дээр үеэс буюу оршуулгын зан үйлд хойд урд хөршийн соёл хүчтэй нэвтрүүлсэн 50-иад оны үеэс уламжлал болсон гэж хэлж болноо.Манай компани байгуулагдан энэ Буяны цогцолбор үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш иргэд заавал ханш нээх, зулын 25 гэх мэт өдрүүдийг хүлээлгүй хүссэн цагтаа ирж буян үйлдээд явдаг.
- Уучлаарай сүүлийн үед ханш нээх нь Хятадын зан үйл гэж ярих болсон нь үүнтэй холбоотой байх нь ээ?
Ханш нээхийг хүмүүс янз бүрээр тайлбарласан байдаг. Таны хэлсэнчлэн Хятадын зан үйл гэх хүн бий. Үнэхээр энэ үг хятадаас гаралтай хятад үг. Гэхдээ Хятад улс бол дэлхий хүн төрөлхтний өв соёлыг бий болгосон гол тулгуур голомтуудын нэг. Манай улсын мөнхий хөрш. Дэлхийн ард түмэн харилцан бие биенээсээ суралцдаг, өв соёлоо дамжуулдаг, нэг нэгийгээ харилцан хүндэтгэх оршин байдаг.
Гэтэл манай зарим нэг хүмүүс ханш нээнэ гэдэг нь Хятданы ёс заншил гэж харааж зүхэх хандлагатай байдаг. Энэ нь XXI зуун буюу даяаршиж буй нийгэмд байж боломгүй зохисгүй үзэгдэл. Тэгээд ч хүн төрөлхтний нандин өв уламжлал юу вэ гэхээр бурхан болоочдоо хүндэтгэх, хайрлах санан дурсах. Энэ бол бидний өв соёлын нэг бөгөөд мөнхийн соёл. Үндэстэн, ястан, шашин шүтлэг үл харгалзаж хүн бүрийн сэтгэлд оршдог нандин эрдэнэ нь энэ зан үйл шүү дээ. Хэрвээ бид энэ зан үйлээ уландаа гишгэвэл үр хүүхэд маань ч биднийг хайрлаж хүндлэхээ больно. Энэ өдрийн талаар янз бүрээр яригддаг хэдий ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай Буяны төв бурхан бологсодоо иргэх, буян үйлдэх гэсэн иргэдийн хөлд дарагдсан эх буяны өдөр болж өнгөрдөгдөө.
- Ингэхэд таныг “Улаанбаатан буян” компанийн үүсгэн байгуулагчийн нэг гэж сонссон. Хүмүүс энэ байгууллагыг чандарлах төвөөр нь илүүтэй сайн мэддэг. Яагаад ийм газар байгуулахаар болсон юм бэ?
1990-ээд оноос хойш Улаанбаатар хотын хүн ам огцом нэмэгдсэн. Хүн нэмэгдэхийн хэрээр олон янзын асуудлууд үүсч гарч ирсэн л дээ. Түүний нэг нь Улаанбаатар хотын оршуулгын газрын асуудал байлаа. Нэр үгээр хэлбэл 1990-ээд оноос хойш энэ асуудал их хүчтэй яригдаж олон янзын санал онол дэвшүүлэгдэж явсаар байгаад сүүлдээ оршуулгын зан үйлд чандарлаж оршуулж байсан уламжлалт зан үйлээ нэвтрүүлэх нь Улаанбаатар хотынхоо нутаг дэвсгэрийг зүй зохистой зарцуулах хамгийн оновчтой хэлбэр гэж үзсэн.
Тэгээд ч өнөөдөр Улаанбаатарыг тойроод тэр чигтээ оршуулгын газар байгаа. Бодоод үз л дээ. Өнөөдрийн байдлаар 20 орчим оршуулгын газар байна гээд. Ер нь өдрөөс өдөрт оршуулгын газрын нутаг дэвсгэр тэлж байна. Энэ хэмжээгээр бид газар нутгаа алдаад л байгаа гэсэн үг. Хатуухан хэлэхэд үхсэн болон амьдынх нь ертөнц холилдчихоод байна. Гэтэл Европын орнууд бурхан болоочдоо чандарлахыг илүүд үздэг. Эртний түүх соёлтой дэлхийн томоохон хотууд өнөөдөр оршуулгын тухай хуультай болсон. Хамгийн ойрхон жишээ татахад Бээжин хотынхон бурхан болоочоо заавал чандарладаг. Чандарлахгүй гэсэн тохиолдолд ар гэрийнхэн нь шарилаа аваад хотоосоо гардаг. Оршуулгын тухай хуулиараа Иргэний дайны баатруудаа л газарт оршуулдаг юм билээ. Бусад шарилыг бол бүгдийг нь чандарлахыг шаарддаг. Тэгэхээр нийгмийн хөгжлийн дагуу манай Монгол Улс ч гэсэн оршуулгын тухай хуультай болох байх. Ард иргэдийнхээ аятай тухтай байх нөхцөлийг нь хангах үүднээс олон олон асуудлыг энэ хуулиндаа оруулах байх гэж би боддог. Манай компани 2004 онд байгуулагдсан
- Зарим хүмүүс бурхан болоочоо чандарлахыг дэмждэг бол зарим нь үгүйсгэдэг. Ер нь яагаад заавал чандарлах ёстой юм бэ?
Оршуулгын зан үйл дэлхийн бүхий л улс оронд шашны зан үйлтэй нь холбоотой байдаг. Монгол Улс бол маш эртний бурхны шашны уламжлалтай орон. Энэ үүднээсээ бидэнд энэ талын арвин уламжлал бий. Гэхдээ уламжлал шинэчлэлийн аль алийг нь давхар баримтлаад явах ёстой л доо. Тэгээд ч эрт дээр үеэсээ ихэс дээдсээ бурхан болоход нь чандарлаж байсан уламжлал Монголд бий шүү дээ. Сонирхуулахад Түмдийн Алтан хааныг 1578 онд III Далай лам Содномжамц бурхны шашны зан үйлийн дагуу чандарлаж чандрыг нь суварганд залж байсан түүхтэй юм билээ. Энэ үеэс эхлэн III Далай ламын зохиосон тэрхүү номын ёс жаягийн дагуу чандарлах ёслол хийгддэг болсон. Өөрөөр хэлбэл III Далай ламын зохиосон “Түмдийн Алтан хааны чого” гэсэн нэртэй судар ном бий. Энэ судар номонд бичигдсэний дагуу бид энэ шашны зан үйлийг явуулж байгаа. Гэхдээ тухайн ар гэрийнхэн бурхан болоочоо чандахлах уу газарт оршуулах уу гэдгээ шийддэг. Мэдээж зурхайчдаар алтан хайрцгийг нь нээлгэж зүг чиг болоод ямар зан үйлээр оршуулахаа тогтоолгодог.
- Та түрүүнд хэлсэн манайхан бурхан болоочдоо хамаг газар нутгаа өгчихдөг гэж. Тэгвэл чандарлах төвийг нээснээр хэдий хэмжээний газар нутгийг хэмнэсэн бол?
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахад Улаанбаатар хотын нийт нутгийн хэмжээг тодорхойлсон л доо. Тэгэхэд 147 мянган га нутаг дэвсгэрийг Улаанбаатар хот эзэлж байсан. Түүний нэг мянган га нь оршуулгын газар болсон.
Энэ хэмжээ өдөр ирэх тусам бага багаар нэмэгдээд л байгаа. Зүгээр л бодоод үз. 2013 оны байдлаар Улаанбаатарт нас барсан нийт хүмүүсийн 40 гаруй хувь нь чандарлах зан үйлийг, үлдсэн нь газарт оршуулах зан үйлээрээ бурхан болоочоо газарт оршоосон. Энэ нь мэдээж нийгэмтэй бас зүг чиг, зурхайн буулттай нь холбоотой л доо. Тэгэхээр үйлдсэн 146 мянган га газраа оршуулганд зориулахгүйн тулдбидэнд тодорхой эрхзүйн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн 10-н жилийн хугацаанд 20,000 орчим бурхан бологсодыг чандарлах зан үйлээр оршуулсан нь нийслэлийн 400 орчим га талбайг оршуулганд зарцуулахаас урьдчилан сэргийлж чадсан байгаа юм. Мөн оршуулгын зан үйлтэй холбоотой сургалт танин мэдэхүйн чиглэлийн ажил чявуулдаг байгууллага хэрэгтэй. Гэхдээ цаашид энэ асуудал эмхлэгдэж цэгцлэгдэх байх. Цогцоор нь шийдье гэвэл эрхзүйн зохицуулалт хэрэгтэй.
- Бидний яриа нэгэнт оршуулгын зан үйл рүү чиглэсэн болохоор бас нэг асуумаар зүйл байна. Нас барагсдыг газарт оршуулахад маш их хэмжээний хортой хий агаарт дэгдэж байдаг гэдэг. Чандарлахад бас л тэрхүү хортой хий агаарт дэгдэх үү?
2000 оны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газраас үнэлгээ шинжилгээ хийдэг хэсэг хүмүүсээс бүрдсэн комисс гарч энэ талаар тухайлсан судалгаа явуулсан. Тэдний судалгааны талайн тухайн үеийн эрдэмтдийг үнэхээр их цочирдуулсан. “Үнэрхээр ийм байдалд хүрчихсэн гэж үү” хэмээн тэд уулга алдаж байсан. Бид ч бас гайхсан Шинжлэх ухааны үндэслэлтэй энэ аймшигтэй судалгаа чандарлах төвийг барьж байгуулахад нэлээд түлхэц өгсөн гэж ч болно. Түүнээс гадна газар дор оршуулсан шарилаас маш олон төрлийн хий ялгараас гадна ялзралын процесс явагддаг. Тэгээд ч манай улс дөрвөн улиралтай. Хавар нь газар гэсч өвөл нь хөлддөг. Энэ тоолонгоор газар дорж байгаа шарилд хөдөлгөөн ордог. Мөн хийн урвалууд ихээр явагддаг.
Хавар газар гэсэхэд тэрхүү газарт байсан хийн урвалууд ууртай хамт агаарт дэгдэж гардаг юм байна л даа. Хавар элдэв төрлийн халдварт өвчин ихэсдэг нь үүнтэй бас холбоотой. Амьсгалын замын өвчлөл, халдварт шар өвчнүүд тодорхой үечлэлтэйгээр нэмэгддэг нь ийм учиртай. Түүнээс гадна жил бүрийн өвчний вирус нь эмэнд дасалтай болчихоод байгаа гэж эмч мэргэжилтнүүд хэлдэг байгаа. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл ирээдүйд биднийг юу хүлээж байгааг мэдэх аргагүй. Үүнийг багасгахын тулд л манай үйл ажиллагаа чиглэгдэж байгаа шүү дээ. Тэгээд нас барж байгаа хүмүүсийн дийлэнх хувьс нь элдэв өвчний улмаас нас барж байгаа. Гэтэл дэлхийн бусад хөгжилтэй улс орнуудад нас барсан хүний биед эмнэлгээс өвчний нь нянга саармагжуулах. Бусдад халдвар тараахгүй байх тусгай үйлчилгээ хийдэг юм билээ.
Гэтэл манайд нас барлаа гээд шууд моорогт хийчихээд тодорхой хугацааны дараа газар оршуулчихдаг. Хавар болохоор гэсч өнөөх газарт булагдсан нян агаарт дэгдэнэ гэсэн үг. Харин чандарасан нөхцөлд тэр янз бүрийн хий агаарт дэгдэнэ гэсэн асуудал байхгүй.
- Чандарласан тохиолдолд агаарт нян дэгдэхгүй гэдгийг юугаар батлах юм бэ?
Бид хамгийн сүүлийн үеийн техник технологийг чандарлах төвдөө суурилуулсан. Энэ техник мань элдэв янзын нянгийн дэгдэлтийг шууд таслан зогсоодог. Өөрөөр хэлбэл манай зуух 500-1000 градус хүртэл халах чадвартай. Түүнээс гадна маш өндөр шүүлтүүртэй. Тэгээд ч өмнөх уламжлалаа харахад дэлхийн бүх оронд халдварт өвчин дэгдэхэд бүгдийг шатааж устгаж байсан байгаа юм. Гал маань өрөө ариусгалын мөн чанартай. Ер нь байгалийн эцсийн арга хэмжээ нь гал байсан байгаа юм. Нэг үгээр хэлбэл байгалийн өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх эцсийн арга хэмжээ нь гал байжээ гэж би хувьдаа боддог.