logo
Мөс цөмрөх болон шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Мөс цөмрөх болон шар усны үерээс сэрэмжлүүлж байна

2014/04/08

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Хэрлэн мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын эх, Алтай нурууны Ховд, Сагсай, Турган, Түргэн, Буянт, Булган, зэрэг голууд 30-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба дээр дурьдсан голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх , цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 2-20 см нимгэрсэн байна.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгшиж, гол мөрний сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн
Ус судлалын сектор

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш