Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын зарим сумдын нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм буурсантай холбогдуулан нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг зогсоох саналыг нийслэлийн Мал эмнэлгийн газраас нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна. Уг саналын дагуу нийслэлийн Засаг дарга “Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг татан буулгах тухай” А/220 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Багануур, Налайх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг татан буулгах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Мал эмнэлэгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгожээ. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байсан ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг татан буулгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.