Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх цайны газар болон цэцэрлэгийн гал тогооны үйл ажиллагаанд шалгалт явуулах тухай дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/61 тоот захирамж гарч ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн холбогдох албаны хүмүүс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуулийн дэргэдэх 36 цайны газар, 57 цэцэрлэгийн гал тогоонд шалгалт хийсэн юм.
Өнөөдөр шалгалтанд хамрагдсан сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт дээрх захирамжийн биелэлт болон шалгалтын нэгдсэн дүнг танилцууллаа.
Энэ үеэр илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 2 сургуулийн цайны газарт 200.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4 цэцэрлэг, сургуулийн удирдлага, цайны газарт улсын байцаагчийн 24 заалт бүхий 4 албан шаардлагыг бичиж хугацаатай үүрэг өгч ажиллажээ.
Мөн “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд хийсэн хяналт, шалгалтын үр дүнгийн тухай” цаашид анхаарах асуудал, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Долгор, “Галын аюулгүй байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн шалгалтын дүн” Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Н.Хишигбаатар мөн цэцэрлэгийн эрхлэгч нар болон албаны бусад хүмүүс шалгалтын дүнгийн талаар цаашид анхаарах зарим асуудлын талаар санал бодлоо солилцлоо.