logo
Ардын намын удирдлагууд Завханчуудыг сонслоо

Ардын намын удирдлагууд Завханчуудыг сонслоо

2011/09/13
Богд-Очирваань хэмээн сүслэн дээдлэх Отгонтэнгэр хайрханы нутаг Завхан аймгийн иргэд сонгогчид Монгол Ардын Намын “Ард түмнээ сонсох” аяны хэлэлцүүлгийн шатанд “Ард түмнээрээ овоглосон Ардын намаа Монголын улстөрийн намын бүртгэлд 19-д бүртгүүлсэн МАХН-тай андуурахгүй” гэдгээ илэрхийлсэн юм. Аяны хүрээнд УИХ, орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангуулах, сонгогчдын суурь судалгаа явуулах, намын гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонсох, нам төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг сурталчлан таниулах үүднээс Монгол Ардын Намын Ерөхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт ажилласан юм.
Завханчууд өнгөрөгч 2008 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир нарыг УИХ-д итгэл хүлээлгэн сонгосон. Завханы гишүүд ч төр түмнийхээ итгэлийг дааж орон нутагтаа ихийг хийж, бүтээж байгаа нь тус аймгийн өнгө төрхөөс харагдана. Ганцхан жишээ татахад л Завханы гурван гишүүн нэгэнт батлагдчихсан УИХ-ын тогтоолыг өөрчилж, аймгийнхаа төвийг Мянганы замтай холбуулж чадсан. Түүнчлэн цахилгаан эрчим хүч, хүнс хөдөө аж ахуйн салбараа ч цогцоор нь шийдвэрлэсэнд нутгийн зон олон талархалтай хандаж байв.
Завхан аймагт өнгөрөгч оны мөн үеэс 20 хувиар буюу тэрбум 500 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт нэмэгджээ. 2009, 2010 онд 1.4 тэрбум төгрөгийн зээлийг 157 төсөлд олгосон бол он гараад 25 төсөлд эргэн төлөлтөөс 375 сая төгрөгийн зээл олгосон байна. Бондын эх үүсвэрээс тус аймагт тэрбум төгрөг, Сум хөгжүүлэх санд 1.6 тэрбум төгрөг, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хоршооллыг хөгжүүлэхэд 405 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ. Мөн худалдааны төвийг дэмжих хагас тэрбум, томоохон төслүүдийн хоёр тэрбум төрөгийг нэмж шийдвэрлэхээр яригдаж байгаа аж.
Аймгийн хэмжээнд энэ онд 13.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 50 орчим хувийг БСШУ, ЗТБХБ, ХХААХҮ-ийн сайдуудын багц эзэлж байгаа нь сургууль, цэцэрлэг, зам гүүр, жижиг дунд үйлдвэрлэлийн барилга байгууламжид ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа болох ажлын байрыг нэмэгдүүлэх явдал Монгол Улсын хэмжээнд өрнөж байгаа томоохон сэдэвт ажлуудын нэг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар хэрэгжиж буй. Завхан аймагт нийт зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон ч өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгө дутдагийг бизнес эрхлэгчид хэлж байлаа. Харин “Ард түмнээ сонсох” аянаар Завхан аймагт ажилласан ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай “УИХ өнгөрөгч онд батлан даалтын сан байгуулж, орон нутгийн захиргаанаас төслүүдэд батлан даалт гаргах эрх олгосон. Нөгөө талаас Сум хөгжүүлэх санд 50-130 сая төгрөг олгосон нь тухайн орон нутагтаа ямар нэгэн барьцаагүйгээр асуудлыг шийдэх боломж олгосон” гэсэн юм. Ийнгэснээр Завхан аймагт аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 5357.8 сая төгрөгт хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 451.1 сая төгрөгөөр нэмэгдэн, аймгийн эдийн засаг, нийгмийн салбар үсрэнгүй хөгжлийнхөө гараанд ирснийг салбарын удирдлагууд онцолж байлаа.
Завхан аймаг эх орны баруун хойд хэсэгт оршдогийн хувьд уулархаг нутгаараа хүйтэн сэрүүн уур амьсгалтай, говийн сумдаараа хуурай, дулаавтар цаг ууртай. Монгол Ардын Намын “Ард түмнээ сонсох” аян Завхан аймгийн Отгон суманд ажиллах үеэр цасан шамарга бууж байхад нутгийн малчид намрын энгийн өдөр мэт хүлээн авч байсан нь сонин. Иймдээ ч нэгдүгээр сарын дундаж темпратур -1 градус байлаа ч Идэр, Тэс голын хөндийгөөр 50 градус давж хүйтрэхэд ч завханчууд ажил амьдралаа зохицуулсаар өдий хүрчээ. Манай парламентад сүүлийн жилүүдэд алслагдсан бүсийн нэмэгдлийн асуудал хөндөгдөх болсон. Завхан аймаг нийслэлээс 1000 илүү км алслагдсан бөгөөд Монгол Улсын хамгийн хүйтэн цэг энд оршдогийн хувьд завханчууд “хүйтний нэмэгдэл” олгох талаар судлахыг хүсч байв.
Завхан зэрэг алслагдсан сумд, байгалийн бартаа саад ихтэй аймгуудад эрүүл мэндийн салбарынхан иргэдэд үйлчилгээ хүргэхэд бэрхшээл учирдаг гэнэ. Ялангуяа эхчүүд амьдарч буй сумандаа төрдөг болгохыг гуйж, эмэгтэйчүүдийн төлөө идэвх зүтгэлтэй ажилладагийн хувьд “Нийгмийн ардчилал” Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд уламжилж байлаа. Үүнд  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Намрын чуулган эхлэхээр Эрүүл мэндийн сайд С.Ламбаад асуулга тавьж хариулт авах болно. Үе үеийн эрүүл мэндийн салбарынхан эхчүүдийг суманд нь төрүүлэх төрөх тасаг, эх баригч бүхий тогтсон бүтэцтэй ажилладаг байсныг яагаад зогсоосныг нь асууна” гэв. Төрөх эхчүүд аймгийн төвд очиж төрдөг болсонтой холбоотойгоор эхчүүдэд ихээхэн хүндрэл учирч байгаа аж. Аймгийн хэмжээнд 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1000 төрөлт тутамд 24 тохиолдож, төрөлт өмнөх оныхоос 234-өөр буурсан нь үүнтэй холбоотойг үгүйсгэх аргагүй юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мөн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарынхны голчлон тавьсан санал болох “Хүний хөгжил сан”-гаас бэлэн бусаар олгох сая төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт суутгах асуудлаар судлаж үзэхээ илэрхийллээ. Ер нь “Ард түмнээ сонсох” аян хүрсэн газар бүрт ахмадууд “Хүний хөгжил сан”-гийн үлдсэн сая төгрөгийг бэлнээр авах асуудлыг тавьдаг. Үүнд эрхэм гишүүд “Засгийн газар судалгаа хийж байгаа” хэмээн тайлбарлаж байв. Хэрэв 60-аас дээш насны 162.5 мянган ахмдад сая төгрөг олгоно гэвэл 162.5 тэрбум төгрөг хэрэгтэй болохыг иргэдэд дуулгалаа.
Хэдийгээр улс орон мөнгөжиж байгаа ч байнга бэлэн мөнгө олгоно гэж йолгож болохгүйг Монгол Ардын Намын удирдлагууд иргэдэд сануулж байсан. Мэдээж бэлэн мөнгө тарааснаар нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл гарч хэрэглээний барааны үнийн индекс өссөн нь Завханд ч ажиглагдаж байна. Эхний долоон сарын байдлаар хэрэглээний үнийн индекс 100.2 хувь болж өнгөрсөн оныхоос 4.6 хувиар өссөн нь бензин, шатахууны үнэ 14.1-35.1 хувиар өсч, зудын улмаас малын хоргодол ихэссэнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгааг иргэд хэлж байлаа.
Ийнхүү Завхан аймагт зохион байгуулагдсан Монгол Ардын Намын “Ард түмнээ сонсох” аян ажил хэрэгч уур амьсгалд, хөгжил дэвшилд чиглэсэн бүтээлч чиг хандлагаар дүүрэн болж өндөрлөсөн юм. Аянаар завханчуудыг төр засагтай холбосон шинэ гүүр тавигдаж, Ардын Намын бодлого шийдвэрийг ард түмэнд сурталчилж, эргээд ард түмний өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж чадсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш