logo
Янгир ятга ууландаа жаргалтай

Янгир ятга ууландаа жаргалтай

2014/05/09
Урлаг судлалын ухааны доктор профессор Ж.Энэбиш: Манай улсад музейн үзмэрийг шилэн хоргонд хадгалж хамгаалж сурталчилж ирсэн музейн уламжлалт дэглэлт, арга барил, сэтгэлгээ өөрчлөгдөж олон нийтэд шинэ мэдээлэл, мэдлэг түгээх боломж улам бүр нээгдсээр байна. Энэ нь нэг талаас, мэдээллийн эрин зууны хөгжил, техник технологийн үр дүн. Нөгөө талаас, манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан хөгжиж байгаатай холбоотой юм.
 
  Өнгөрсөн сард Улаанбаатар хотод Монголын Үндэсний Музейн үзмэрийн танхимд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Талын дайчдын өв соёл” томоохон үзэсгэлэн нээгдэв. Үзэсгэлэнг ССАЖЯ, ХБНГУ-ын Элчин сайдын яам, Монголын шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Уг үзэсгэлэнд Ховд, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутагт малтан судалсан зургаан хадны оршуулгаас гарсан 170 гаруй ховор нандин эх хэрэглэгдэхүүнийг дэлгэн үзүүллээ.
 
  Үзэсгэлэнгийн ихэнх нь ХБНГУ-ын байгалийн болон түүх археологийн шилдэг лабораториудад сэргээн засварласан, хуулбарлаж сэргээсэн одворууд юм. Тэдгээр эх хэрэглэгдэхүүний дотроос өнөөдрийн юм шиг өнгө төрхөөр нь сэргээн засварлагдсан ховор олдворын нэг бол Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант Хайрхан уулын баруун хойд бэлийн Өмнөхийн агуйн оршуулгаас олдсон чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Энэ хөгжмийн зэмсэг байгалийн хамгаалалтад сайн хадгалагдаж бараг бүтнээрээ олдсон нь Алтайн уул, усны эздийн бидэнд зориулсан онгодын унаа гэлтэй. 1400 жилийн тэртээд бүтээгдсэн энэ хөгжмийн зэмсэг дэлхийн хөгжмийн археологийн түүхэнд түүний дотор чавхдаст нумт хөгжмий зэмсгийн судлалын гайхамшигт үзэгдэл мөн билээ. “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний музейн өмнөх задгай талбайд ардын хөгжмийн “Алтай” хамтлагийн уран бүтээлчид шинээр бүтээсэн “Янгир ятга”-аар тууль хайлж, хүн чулууны хөндий Туул гол, Дөрвөн уулын лус савдгийг баярлуулсан билээ. Сонсогчдын зүрхний галыг бадрааж гайхлыг төрүүлэв. Энэ үеэр Алтай язгуурын ятгын төрлийн бүл хөгжмийн зэмсэг бүтээх хөтөлбөрийн тэргүүн, хөгжим судлаач, урлаач Д.Ганпүрэвтэй уулзаж хөтөлбөрийн дараагийн зорилтын талаар мэдээлэл авсан юм. 
- Танд болон тантай хамтран ажилласан бүх уран бүтээлчдэд баяр хүргэе. “Янгир ятга” хөгжмийн зэмсгийн эгшиг дуурслыг үзэгч сонсогчид талархан хүлээн авлаа. Таны сэтгэгдэл?
Бидний бахархлыг төрүүлж байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл бол янгир ятгын хөг хөглөгөө, эгшиг дуурсал юм. Бид янгир ятгын хөг, эгшиг дуурсал, хөгжимдөх боломжийг судалж тогтоохдоо нүүдэлчин монголчуудынхаа ахуй амьдрал, соёл сэтгэлгээ, домог зүй, тууль хайлах урлагийн арга барилын уламжлалд анхаарлаа төвлөрүүлсэн юм. Нөгөө талаас уул хөгжмийн зэмсгийн хийц бүтцийг шийдвэрлэхдээ нүүдэлчдийн дуу хуурын бусад төрлүүдтэй хамтран хөгжимдөх тэдгээрийн эгшиг дуурсгалд нийцтэй байх талыг эрхэмлэсэн. Үүнчлэн сонсогчдынхоо гоо сайхны таашаалыг бодолцсон зүйл бий. Энэ бүхнийг хөгжмийн зэмсэг судлал, сонсолзүйн шинжлэх ухааны үүднээс шийдвэрлэхэд “Эгшиглэн маглай” үндэсний хөгжмийн үйлдвэрийн эзэн, нэрт урлаач, соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав болон үзэл бодол нэгт хүмүүстэйгээ хамтран ажилласан юм. “Янгир ятга”-ийг жирийн иргэдээс эхлээд эрдэмтэн судлаачид, гадаадын зочид, төрийн түшээд ихэд сонирхож, Монголын түүх соёлын брэнд бүтээгдэхүүн боллоо гэж хүлээн авч талархал дэвшүүлж байгаад баяртай байна. 
 
- “Янгир ятга” хэрхэн өвлүүлж уламжлуулах талаар таны бодол?
Агуйн олдвор-янгтр ятга Монгол Алтайн нурууны айл сав газраас, Ховд аймгийн Жаргалант Хайрхан уулын бэл, Манхан сумын нутгаас олдсон нь бидний төдийгүй Алтай нутгийн ард түмний түүх соёлын бахархал юм. Тийм учраас бид “Янгир ятга”-ыг уугуул нутаг усанд нь очиж дуурсгахыг хүсч байна. Боломж олдвол, Манхан суманд “Янгир ятгын” чуулга байгуулж, сургалт явуулж, хөгжмийн зэмсгээр хангаж соёлын аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгож нутагшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх бодолтой байна. 
 
- Сайхан санаачилга байна. Санасан үйлсэд тань амжилт хүсэе.
Баярлалаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш