logo
“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

2014/05/12

Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш 11 сар өнгөрч байна. 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс  банкууд 18212 зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээлрүү шилжүүлжээ. Мөн орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.0 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийт 36905 иргэн жилийн 8 (+/-1)% хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцлөө сайжруулжээ.

Орон нутгийн иргэдийг энэхүү хөтөлбөрт өргөнөөр хамруулснаар тэдний орон сууцны нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой. Тиймээс орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн 7% байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт орууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш