logo
Гэрэлт зул өргөх ёслол маргааш болно

Гэрэлт зул өргөх ёслол маргааш болно

2014/05/13
“Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол тавдугаар сарын 14-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна. Бурхан багшийн амьдрал тэр чигээрээ гайхамшиг байсан ба түүний мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүд нь бүгд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиосон байна. Энэхүү гайхамшигт өдрийг Бурхан багшийн их тохиолт өдөр буюу эртний бурхадын хэлээр Visakha Puja хэмээн нэрлэдэг билээ. Түүнчлэн энэ нэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёо юм.
 Нэгдсэн Үндэсний Байгууллага Бурхан багшийн ариун үйлсийг хүндэтгэн Visakha puja өдрийг дэлхий даяар нэгэн өдөр тэмдэглэж байхаар тунхаглажээ. Visakha Puja өдрөөр Бурхан багшийн ариун үйлсэд талархан хүндэтгэл үзүүлж зул өргөдөг нь Монголын ард түмэн бидний уламжлалт ёс болсон билээ.

 “Сэтгэлийн амарлил” сан нь энэ уламжлалт ёсыг дэлгэрүүлэн жил бүрийн Visakha puja өдрөөр монголчууд нэгэн дор цугларч санаа бодлоо нэгтгэн хамтдаа залбирах боломжийг “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг зохион байгуулсанаараа олгодог юм.  Монгол Улс төдийгүй Тайланд, Тайван, Япон, Энэтхэг, Индонез зэрэг олон улс оронд энэ өдрийг тэмдэглэж байна.                
Нийгмийн сайн сайхны төлөө зохиогддог уг арга хэмжээ нь гэрэлт зул өргөсөн хүн бүрт аз жаргал, сэтгэлийн амар амгалан авчирдаг тул хамтдаа бясалгал хийж, хүслээ шивнэцгээе.  
Бид “Сэтгэлийн амарлил” сангийн менежер Д.Дөлгөөнөөс Гэрэлт зулын аюулгүй байдлын талаар тодрууллаа.

Сур: Гэрэлт зулыг оролцогчид худалдаж авдаг уу?

Д.Дөлгөөн: Үгүй. Зохион байгуулагч байгууллагаас өгдөг.

Сур: Дээшээ хөөргөдөг гэрэлт зул хаанаас орж ирдэг, аюулгүй байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Д.Дөлгөөн: Гэрэлт зул нь энгийн цааснаас хэд дахин нимгэн цаас (урагдах аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй), цаасаа тогтоож барих хулс мод, зулын тосон гол, зулыг бэхлэх нимгэн уян төмөр. Энэ бүгд материал нь байгалийн гаралтай бөгөөд уян төмөр нь байгальд удаан шингэдэгт тооцогдоно. Гэсэн ч гялгар торны учруулдаг хэмжээний хор хохирлыг байгальд учруулдаггүй. Тайланд улсад зул хөөргөх ёслол нь байнгын тогтмол явагддаг. Тиймээс бид баталгаатай зулыг оруулж ирдэг байгаа. Харин өөр бусад зулнууд химийн будагч тод өнгийн будгаар будсан, зузаан цаастай жижиг зул нь дээшээ хол хөөрч чадалгүй хотын төвд бууж ирдэг. 
Зулыг хэрхэн хөөргөх талаар хөтлөгчийн зүгээс зааварчилгаа өгдөг. Сүсэгтэн олон хөтлөгчийн үгийг дагаж зулаа хөөргөвөл ямар ч аюул гаргахгүй. Мөн энэ ёслолд оролцохоор ирсэн хүмүүст зулаа хөөргөхөд нь туслах болон зааварчилгаа өгч ажиллах 500 гаруй сайн дурын оюутан, залуучууд ажиллах болно. Тэд бүгд өмнө нь энэ ёслолд оролцож байсан туршлагтай тул та бүхэнд зааварчилгаа өгч чадна гэсэн үг. Өнгөрсөн 6 жилд бид аюулгүй байдал дээр онцгой анхаарч, асуудал гаргалгүй амжилттай зохион байгуулсаар ирсэн.       

Сур: Билет хэзээнээс эхэлж зарагдах бэ? Борлуулах цэгүүд хаана байрлах бол.
Д.Дөлгөөн: Зул өргөх ёслолын билет 05-р сарын 04-ний өдрөөс эхэлж доор доорх тасалбар түгээх цэгүүдээр зарагдана.

 ХОРООЛОЛ, АЧЛАЛ ИХ ДЭЛГҮҮРИЙН ДООД ДАВХАРТ ТВ ТОХИРОЛЦОО-1
УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН БАРУУН ТАЛД АЛТАЙ ЦЕНТР-ИЙН ДООД ДАВХАРТ ТВ-ТОХИРОЛЦОО-2
“SUNDAY PLAZA” 1039 ТООТ ПАВИЛЬОН
ДАШЧОЙЛИН ХИЙДИЙН КАСС
МУИС-Н 7 БАЙРНЫ ХАЖУУД ТАНАН ТӨВ 202 ТООТ
“ТӨВ ЦЭНГЭЛДЭХ” 12-Р ХААЛГА
Лавлах утас:1900-1199, 77072072, 99242590, 89987076, 99752468


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш