logo
Брижит Анн-Мари Бардо

Брижит Анн-Мари Бардо

2011/09/13
Брижит Анн-Мари Бардо 1934 оны есдүгээр сарын 28-нд Парис хотноо мэндэлжээ. Түүний эцэг Луи Бардо бизнес эрхлэгч бол эхийг Анна-Мари Мюсель гэдэг байв. Багадаа Брижит үнэхээр царай муутай, шүд нь урагшаа түрж ургасан, хялар нүдтэй байжээ. Тиймээс хазалтаа засах гэж шүдэндээ аппараттай, нүдний шилтэй явдаг байв. Яваандаа нүдний хялар нь зүгээр болж, харин шүдний хазалт буруу хэвээр үлдсэн нь Брижитэд харин ч чимэг болсон байна.
Дунд сургуульд Брижит тийм ч амжилттай сурч байсангүй. Харин бүжиглэх авьяастайгаа харуулжээ. 1947 онд Бардо хатуухан сонголт хийж Бүжгийн үндэсний академид элсэж, гурван жил бүжигчин Борис Князевын ангид сурчээ.
1949 онд 15 настай Брижит гэрэл зургийн моделиор ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр моодны үзүүлбэрт оролцож, сэтгүүлд зургаа авахуулах болж, 1950 онд “ELLE” сэтгүүлийн хавтаснаа гарсан түүний гэрэл зургийг залуу найруулагч Роже Вадим харжээ. Түүний жинхэнэ нэрийг Вадим Племянников гэдэг бөгөөд түүний эцэг нь Орос гаралтай цагаач байв.
Роже залуу бүсгүйг сонирхож, найз найруулагч, кино зохиолч Марк Аллегрегийн кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтад оруулсан байна. Бардо энэ давааг амжилттай давсан боловч киноны зураг авалт хойшлогджээ. Харин ирээдүйн жүжигчин Роже Вадимтай дотно харилцаатай болов.
Брижитийн эцэг, эх энэ харилцааг сайшаагаагүй төдийгүй, охиноо Английн хувийн сургуульд оруулахаар төлөвлөжээ. 17 настай өөрөөр хэлбэл, хуулийн дагуу насанд хүрээгүй тэрбээр эцэг, эхийнхээ төлөвлөгөөг сонсоод гал тогооны өрөөндөө орж, халсан шарах шүүгээ рүү толгойгоо хийсэн байна. Азаар үйлчлэгч нь түлэнхийн үнэрээр Брижитийн амиа хорлох гэж байгаа мэджээ. Түүнээс хойш Английн тухай хэн ч яриагүй бөгөөд Роже Вадимтай Брижит уулзаж учирсан хэвээр байлаа.
Чухам Роже Вадим түүнийг од болгожээ. 1952 онд Брижит анх удаа кино дэлгэцнээ “Le Trou Normand” кинонд тоглосноор гарав. Тэр жил Вадим тэр хоёр гэрлэсэн байна. Эцэг, эх нь Брижитэд туслахгүй гэсэн болохоор нөхөр нь гэр бүлээ тэжээхийн тулд “Пари Матч”-ын сэтгүүлч болжээ.
1952-1956 онд Бардо янз бүрийн кинонд, бас жүжгүүдэд тоглосон боловч түүнд жижиг дүр л оногдсон байв. Роже Вадимын анхны кино болох “Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн” /1956 он/ кино Брижитийг дэлхий даяар алдартай жүжигчин болгожээ. Энэ кинонд нүцгэн гардаг үзэгдэл нэлээд хэд байсан, тухайлбал, Брижит ширээн дээр нүцгэн бүжиглэдэг байна. Киног католик сүмийнхэн эсэргүүцсэн нь Бардог улам алдаршуулжээ. Түүнийг Луи Маль, Жан-Люк Годар, Кристиан Жак нарын алдартай найруулагчид урих болов. “Бабетта дайнд мордов” киноны дараа “бабетта“ үс засалт моод болж, улмаар Брижит моодны чиг хандлагыг тогтоогч болжээ. Тэрчлэн чухамхүү Бардо усны задгай хувцсыг санаачилсан гэж ярьдаг.
Брижит Роже Вадимтай удаан хамт амьдарсангүй. Тэрбээр нөхрөө хуурах болов. “Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн” киноны зураг авалтын үеэр жүжигчин бүсгүй Жан-Луи Трентиньянтай танилцжээ. 1957 онд гэрлэлтээ цуцлуулж, ухаангүй дурласан Трентиньянтай гэрлэж, нэг жил гаруй хамт амьдарсан байна. Гэвч хайрт нь цэрэгт татагдсанаар Бардо дуучин Жильбер Бекотой уулздаг болжээ.
Гэр бүлтэй байсан Бекотой хэсэг хугацаанд хамт байж, сүүлдээ нуугдаж тоглохоос залхсан Брижит нууц амрагаа хаяж, хараахан нэрд гараагүй байсан гитарчин Саши Дистельтэй танилцжээ. Брижит шинэ амрагаа нэрд гарахад тусалснаар Саши алдартай дуучин болсон байна. Яваандаа Дистилиэс уйдаж, залуу жүжигчин Жак Шаррьетэй уулздаг болжээ.
1959 онд Шаррье тэр хоёр гэрлэсэн байна. Удалгүй хүү Николя нь мэндэлжээ. Гэвч үлгэр жишээ эхнэр бөгөөд ээж болно гэсэн Шаррьегийн найдвар талаар болов. Ажлаасаа болоод Бардо гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байсаар тэд салахад хүрчээ. Николяг аав нь болон Брижитийн эцэг, эх өсгөсөн байна.
Гурав дахь нөхөр болсон Германы саятан Гюнтер Сакс мөрийд хожихын тулд Брижиттэй гэрлэсэн байна. Тэд гэрлээд гурван жил хамт амьдарсны болсны дараа нэгэн сайхан өдөр Гюнтер гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн захидал үлдээгээд алга болжээ.
50 гаруй кинонд тоглосон, 40 нас ч хүрээгүй Брижит 1973 онд кинонд дахиж тоглохгүй гэдгээ зарлав. Тэгэхэд тэрбээр кино урлаг, эрчүүд хоёрт урам хугарсан байжээ. 1986 онд Бардо амьтныг хайрлаж хамгаалах сан нээж, өөрийн нэрээр нэрлэжээ. Үнэт эдлэл, хувийн эд зүйлсээ худалдсанаар сангаа хөрөнгөтэй болгосон байна.
Одоо Брижит Бардо Францын өмнөд нутгийн Сен-Троп хот дахь “Мадраг” гэдэг харшдаа аж төрж байна. Тэрбээр мэргэжилт нэгт олон нөхрийн адил залуу харагдахыг хичээдэггүй аж. Гэхдээ 1992 онд Бардо Бернар д’Ормальтай гэрлэж, өнөөг хүртэл аз жаргалтай амьдарч байна.
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш