"Малын өвчний оношилгоо, тандалт, урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах" зорилготой MON5019 төслийн малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлж, тогтоох эмгэг зүсэгч лазер аппаратыг нийлүүлэхэд шаардлагатай байсан 150,000 еврогийн нэмэлт санхүүжилтийг олгох шийдвэрийг 2014 оны 5 дугаар сарын 05-08 өдрүүдэд болсон Олон Улсын Атомын Энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанаас гаргахаар болсон байна. Уг хуралд Монгол Улсыг төлөөлж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, хүний нөөцийг сайжруулж байгаа нь цаашлаад нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, сүүлийн үед нэмэгдэж байгаа малын гоц халдварт өвчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад уг төсөл нь ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад 2012-2014 онд хэрэгжүүлж байгаа 7 төслийн нэг юм. Одоогийн байдлаар УМЭАЦТЛ-д Атом шингээлтийн спектрометр, "VP100" уур үүсгэгч систем, лабораторийн 2 татах шүүгээ, "МARSXpress", "XP-1500 Plus" төхөөрөмж, судалгаа, шинжилгээнд ашиглах урвалжууд, мэргэшсэн хүний нөөц зэргийг бэлтгэхэд зориулж 147,900 еврог санхүүжүүлээд байгаа юм байна.