logo
Дундговийг сүүлийн 10 жил нэг айл удирдаж байна

Дундговийг сүүлийн 10 жил нэг айл удирдаж байна

2014/05/21
Дундговь аймагт засаглал бүрэн дампуурч байна. Үүний шалтгааныг холоос эрэх хэрэг байна уу? Арван жилийн өмнө энэ аймгийг залах жолоон дээр Шоотонгийн Төрбат гэх эрхэм суусан. Бүтэн дөрвөн жил засаг даргаар ажилласан түүнийг  улираан сонгосон ч хоёр жил болдгийн даваан дээр өөрийн нь харъяалагддаг МАН огцруулсан.  Хоёр дахь бүрэн эрхийн тэн хагаст төрөлх намынхан нь огцруулсны цаана тодорхой шалтаг шалтгаан байсан биз. Юутай ч зургаан жил засаглах хугацаанд түүний санхүүгийн болон удирдлагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж дүгнэлт хийх үүрэгтэй аймгийн Ерөнхий аудитор нь Ш.Төрбатын хадам ах О.Чулуунбат байсан нь олны өмнө ил тод баримт юм.

Тийм болохоор хадам ах нь хүргэн дүүгээ суудлаас нь буулгачих дүгнэлт гаргаагүй нь тодорхой.  Түүний дараа Засаг дарга болсон Д.Чандмань өөрийн орлогчоор С.Сүхбаатар гэгчийг дэвшүүлэн авчирсан нь О.Чулуунбатынхны бас нэг хүргэн  байсан төдийгүй хоёр жилийн дараа болсон орон нутгийн сонгуулиар эхлээд аймгийн МАН-ын даргын суудал эзлэн төдхөн аймгийн Засаг даргын суудал руу мацаж, авч, алдсаар, эцэс төгсгөлгүй шүүхдсээр явна. “Багаар ажиллаж чадахгүй бол яваарай” гэж ажилтнууддаа сүржигнэдэг Сүхбаатар гэгч Засгийн газрынх нь багт  багтчихаад Ерөнхий сайдаа шүүхдэн дэвж явна.

    Сүхбаатарыг огцруулсан ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулсан ч “Шүүх Ерөнхий сайдын Захирамжийг түдгэлзүүлсэн тул миний бүрэн эрх сэргэсэн” гээд өрөөндөө орж суухад өмнө нь Засаг даргын тамгын газрын даргаараа томилсон, хадамын нь садан О.Чулуунбат  хаалгыг нээж өгөхөөс яалтай. Ингээд суудалдаа суусан нэг сарын дотор  эхнэрийнхээ үеэл эгч О.Туулыг О.Чулуунбатын дүү Авто зам засварын ангийн даргаар томилсон төдийгүй түүний нөхөр Ш.Төрбатыг өөрийн Зөвлөхөөр томилсон Захирамж гарган сар бүр 800 000 төгрөгөөр цалинжуулах болов. Тэр Зөвлөх нь ЗДТГ-ын 0005 Дуа дугаартай машиныг хөлөглөх болсон ч аймгийн ЗДТГ-ын хаалгаар орж ирдэггүйг бодоход гэрээсээ зөвлөдөг бололтой.   

     Тэгээд ч зогсохгүй бас нэг хүргэн Б.Болдыг Газрын харилцаа, хот байгуулалтын албаны даргаар томилуулахаар АТГ-т ашиг сонирхлын зөрчил судлуулахаар явуулсан байна. С.Сүхбаатар өөрийг нь ИТХ Засаг даргаас нь огцруулсан шөнө өөрийн садан П.Цолмонбаатарыг Засаг даргын орлогчоор томилсон хууль бус Захирамж гаргасныг Ерөнхий сайд хэдхэн хоногийн дараа хүчингүй болгосон атал “Би орлогч байх ёстой” гэж шүүхэдсээр л яваа гэнэ. Өөр нэг хамаатан Ж.Түмэндэлгэр нь ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст мэргэжилтэн хийдэг бөгөөд хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө хуваарьлах, элдэв сангийн хөрөнгө зарцуулахад Сүхбаатарыг орлогч дарга байх үеэс одоо хүртэл баруун гар нь байгаа аж.

Ингээд олон үг нуршилгүй С.Сүхбаатар, түүний хамаатан саднууд ЗДТГ-т ямар албан тушаалд байгааг зургаар харууллаа. Энэ ах дүүст хамаарахгүй хэн нэгэн шийдвэр гаргах түвшинд нь орж ирвэл шууд золиослогддог. Жишээ нь өмнөх Засаг дарга Д.Чандмань хоёрхон жил ажиллаад нэр дэвших ч боломжгүйгээр зайлуулагдсан бол  Сүхбаатарын орлогчийг ч тийм хувь заяа дайрч энэ хоёр хүн хуулийн байгууллагад шалгагдаж явна. Тэднийхний зарим цөстэй банди үеийхэндээ “Та нар Дундговийн удирдлагад манайхны нөлөө тасрахыг та нар харахгүй” гэж аархдаг болсон байна. Арга ч үгүй дээ арван жил энэ аймгийг нэг гэр бүлээс гаралтай эрхмүүд захирч, залж байгаа болохоор... Гэхдээ Дундговь аймаг  чинь Хойт Солонгос биш болохоор энэ байдал өөрчлөгдөж л таарна.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш