logo
Хязгаарлалтын бүсэд нүүрс түлбэл хашаанаас нь нүүлгэнэ

Хязгаарлалтын бүсэд нүүрс түлбэл хашаанаас нь нүүлгэнэ

2011/09/13
Манай орны нийт нутгаар сэрүүсч, тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч, зарим нутгаар цас унав. Хүйтний ам наашилсныг сануулахтай зэрэгцэн Улаанбаатарын утааг ч сануулаад амжлаа. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ өвөл нийслэлийн гурван дүүргийн 18 хороонд утаагүй түлш түлүүлэх, бүтэн шаталттай зуух хэрэглүүлэхээр болсон юм. Нийслэлийн зургаан дүүргийн 484 хэсгийн ахлагчийг утааны байцаагчаар давхар ажиллуулж, энэ бүсэд байгаа айлуудын янданд хяналт тавих юм. Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль зөрчсөн, нийслэлийнхний уушгинд “халамж” тавиагүй айл өрх, албан газруудыг хатуухан торгох юм билээ.
Өөрөөр хэлбэл, Агаарын тухай хуулийн 26 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны арга хэмжээ авах талаар тодохой тусгасан. Тус хуулийн 26.1.1-д журам зөрчсөн айл өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин, аж ахуйн нэгж, албан байгууллагыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох юм байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журмын талаар хэлэлцлээ.  Хурлын өмнө нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд утаагүй түлш хэрэглэх хязгаарлалтын бүсийг байгуулж, түлш, зуухны асуудлыг шийдсэн талаар мэдээлэл өгсөн юм. Хурлын үеэр дараах асуултад Тэргүүлэгчид хариу авсан юм.
Б.Батзориг /НИТХТ/: Хязгаарлалтын бүсэд багтсан айлууд журам зөрчвөл хүлээлгэх хариуцлага торгуулиас өөр бий юү?
Л.Мөнхцог: Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга: -Журмын 7.1-т зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Удаа дараа зөрчсөн айлуудыг дүүргийн нутаг дэвсгэрээс нүүлгэх хүртэл арга хэмжээ авна.
Д.Амарбаясгалан /НИТХТ/: -Хязгаарлалтын бүсэд хэрэглэх түлшний чанар ямар байгаа бол. Өнгөрсөн жил шалгалтаар явж байхад шаардлага хангасан түлш байгаагүй. Энэ жилийн түлшинд хяналт тавьсан уу. Юугаараа ялгаатай юм бэ. Мөн түлшний нөөцлөлт сайн байгаа юү. Иргэд түлшээ авах гэтэл дуусчихсан   гэсэн хариу өгөх юм биш биз?
Л.Мөнхцог: -Стандарт шаардлага хангасан түлш хэрэглэнэ. Найман үйлдвэртэй гэрээ байгуулсан. Хоёр нь хагас коксжсон түлш нийлүүлэх юм. Яг коксжсон нүүрс түлэхээр зуух хайлах хүндрэлтэй учраас үртэстэй хольсон байдлаар /70х30 хэмжээтэй/ үйлдвэрлэсэн. Баянзүрх, Баянгол зэрэг дүүрэгт таван агуулахад утаагүй түлш нөөцөлнө. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн хоёр бөөний төвд 67 тонн түлш нөөцөлсөн байгаа. Ер нь Улаанбаатарын хэмжээнд 3700 тонн түлш нөөцлөхөөс өнөөдрийн байдлаар 2500 тонныг нөөцөлсөн. Нүүрсээ эрт худалдаанд гаргачихвал  иргэд их хэмжээгээр худалдаж аваад дамлах магадлалтай тул  одоогоор худалдаанд гаргаагүй байгаа.
Ц.Цогзолмаа /НИТХТ/: -Цалингийн асуудлыг яаж зохицуулж байгаа вэ.
Л.Мөнхцог:  Хэсгийн ахлагч нар ажиллана. Цэвэр агаар төслөөс санхүүжүүлнэ. Сар бүр ажлын гүйцэтгэлийг харж 50,0 төгрөг өөрсдийнх нь үндсэн цалин дээр нэмж өгөх юм. Ер нь нийслэлийн зургаан дүүрэгт 484 хэсгийн ахлагч ажиллахад зориулж нийт төсөв 193,6 сая төгрөг зарцуулах юм.
НИТХТ-дийн хурлаас Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журмыг баталж тогтоол гаргахаар боллоо. Энэ үеэр агаарын бохирдлыг 30 хувь хүртэл бууруулахаар ажиллаж байгаа. Ийм үед эхний санаачилсан ажлуудаа чанаржуулах, хариуцлагыг чангатгах нь зөв. Хариулагын талаарх хуулийн заалтуудыг олонд дэлгэрэнгүй танилцуулж, сурталчлах хэрэгтэй. Түлшний нийлүүлэлтдээ сайн анхаарах ёстойг сануулсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш