Нийслэлийн Засаг даргын А/97, дүүргийн Засаг даргын А/87 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах Сүхбаатар дүүргийн Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Энэ удаагийн хурлаар 32-ын тойргоос хойш 17-р сургуулийн уулзвар хүртэл замын зүүн талд элс, хайрга, дайрга зарж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 61 иргэнийг хүлээн авч уулзлаа.
Тус газар үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэн замын түгжрэл нэмэгдэж, осол гарах нөхцөл болж мөн иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэсэн гомдол ихээр ирж байгаа учраас удаа дараа шаардлага хүргүүлж тавдугаар сарын 1-нд эдгээр иргэнтэй зөвшилцөлд хүрч тодорхой газар зааж байршуулсан юм.
Гэтэл тухайн заасан байршилд үйл ажиллагаагаа явуулахгүйгээр эргэн ирж тухайн байршилд үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьж, шинээр заасан байршилд ашиг орлого муу гэх тайлбар хийж байв.
Хүсэлтийн хариуд Засаг даргын орлогч Л.Амарзаяа үйлчилгээ эрхлэгчдэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх шийдвэрээ өөрчлөхгүй гэдгээ илэрхийлээд цаашид шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авахыг санууллаа.