Ливийн босогчид Триполиг эзлэх үеэр Каддафигийн гурав дахь хүү Саади Каддафи өмнөд хөрш Нигер улс руу дүрвэсэн гэдгийг Нигер улсын эрх баригчид баталлаа. Гэхдээ хөлбөмбөгч, бизнесмэн асан Саади Каддафи улс төрийн орогнол бус хүмүүнлэгийн шугамаар Нигерт ирсэн гэж мэдэгдсэн байна. Саади Каддафи хэд хоногийн өмнө CNN-ийн сурвалжлагчтай уулзаж, босогчид болон, Ливийн Үндэсний шилжилтийн түр засгийн газартай хэлэцээр хийхийг хүсч байгаа талаар дурьджээ. Гэсэн ч Каддафигийн дэглэмийг унагаах гэж зургаан сар цусаа урсгасан босогчид Каддафигийн талтай ямар нэгэн хэлэлцээр хийхээс татгалзаж, удирдагч Муаммар Каддафиг үг дуугүй бууж өгөн, засгийн эрхнээс буухыг шаардсан учир арга мухардсан Саади Каддафи Нигер улс руу гарчээ. Түүнээс хойш сураг алдарсан байна. Саади Каддафиг Ливийн Үндэсний шилжилтийн түр засгийн газартай гал зогсоох хэлэлцээр хийх гэж оролдож байхтай зэрэгцээд түүний ах Саиф Аль Ислам Каддафигийг дэмжигчдийг эцсээ хүртэл тулалдахыг уриалж байснаас харахад Муаммар Каддафигийн гэр бүл дотроо хагаралдсан байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Каддафийгийн гэр бүлийн дөрвөн гишүүн Судан руу дүрвэсэн. Гурав дахь хүү Саади Каддафи Нигер рүү гарсан нь батлагдсан учир гэр бүлүүд тус тусдаа байгаа бололтой. Саади Нигерээс цааш хаашаа явах, ямар төлөвлөгөө байгаа нь тодорхой бус хэвээр байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn