logo
21 аймгийн залуучуудын холбооны тэргүүн нарт

21 аймгийн залуучуудын холбооны тэргүүн нарт "Унадаг дугуйтай аймаг" төслийг хэрэгжүүлэх саналыг хүргүүллээ

2014/05/29
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд орон нутаг дахь залуучуудаа идэвхжүүлэх, орон нутагт бүтээн байгуулалтыг бий болгох залуучуудаа ажилтай орлоготой болгох, амьдрах нөхцөлийг залуучууд өөрсдийн гараар бүтээх, эко орчныг бий болгох бүхий л үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа юм.

2013 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж, олон ажлыг шат дараалалтай гүйцэтгэсээр байна. Төслийн зорилго нь унадаг дугуй буюу байгаль орчинд ээлтэй ногоон тээврийн хэрэгслийг иргэдийн хэрэглээ болгож Улаанбаатар хотын иргэд, залууст тулгамдаж буй асуудлууд болох чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлийг багасгах нийтийн эрүүл мэндийг сайжруулах зорилтуудтай юм.

Нийслэлд энэ оны төсөвт тэрбум гаруй төгрөг суулгуулж эхний ээлжийн замыг эхлүүлэхээр болсон бөгөөд энэхүү төсөл орон нутагт хүрээгээ тэлэхээр болсон байна. Тиймээс “Унадаг дугуйтай Аймаг” дэд төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн МЗХ орон нутаг дахь салбар залуучуудын холбоодод хүсэлт хүргүүлсэн байна.  Монгол улсад унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор уриалга гаргах, дугуйн зам болон дэд бүтцийг хөгжүүлэх, дугуйн зогсоол байгуулах, хот төлөвлөлтөнд тусгуулах гэх мэт олон талт үйл ажиллагааг, төрийн болон бизнесийн байгууллагуудтай тогтмол хамтран гүйцэтгэж ажиллах бөгөөд улсын хэмжээнд залуучуудын унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүхийн тулд харъяат орон нутагтаа “Унадаг дугуйтай аймаг” төслийг санаачлага болгон өрнүүлэхийг уриалсан байна. Ямартай ч эхний ээлжинд Ховд аймагт унадаг дугуйн зам баригдаж байгаа талаарх сайхан мэдээ дуулдлаа. Цаашид аймаг бүр унадаг дугуйн замтай болохын төлөө “Унадаг дугуйтай аймаг” төслийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш