“Гудамж” төслийн хүрээнд энэ онд хэрэгжүүлэх замын ажлын тоонд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил багтсан. Тэгвэл энэ ажлын зам барилгын гүйцэтгэгчээр “Паблик роуд” ХХК шалгарч, ажлаа эхлүүллээ. Уулзварыг өргөтгөтгөн шинэчлэхдээ зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулна. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болно. Бээжингийн гудамжны зам хаалттай байгаа учраас 100 айлын уулзварын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байгаа. Тиймээс уулзварын өргөтгөлийн ажлыг хийхдээ замын хөдөлгөөнд аль болох саад учруулахгүйгээр шөнийн цагаар хэсэгчлэн хааж, зөвхөн хучилт хийх үед нэг бүтэн өдөр зам хаах юм. Уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлыг сарын хугацаанд гүйцэтгэж, 6-р сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад, 100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ростов” ХХК болосвруулж, зам барилгын ажлын явцад Японы “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК хяналт тавин ажиллаж байна гэж Гудамж төслөөс мэдээллээ.