Шинжлэх ухаанаа ардаа үлдээчихээд өөрсдөө “хөгжөөд” явдаг улс Монголоос өөр байна уу гэлцэх нь бий. Харин энэ талаар Өвөр монголын эрдэмтэн санаа авмаар хэд хэдэн зүйл ярьсныг монголчууддаа хүргэж байна. Боржигон Г.Ванчиг бол шинжлэх ухааны түүх судлаач эрдэмтэн, сэтгүүлч, шинжлэх ухааны зохиолч хүн билээ.
-Та Өвөрмонголын Шинжлэх ухаан соёлын нийгэмлэгийн сангийн нарийн бичгийн дарга. Монголчуудад Өвөрмонгол ахан дүүс Монгол соёл, өв уламжлалыг шинжлэх ухаан талаас нь харж хөгжүүлэхэд ямар үйлс бүтээж, ямар зүйл хийж байгаа талаар сонин сайхан дуулгаасай гэж хүсч байна. Та юу хийж бүтээж, юуны төлөө зорьж байгаа талаараа ярина уу?
-Би гэдэг хүн яахын аргагүй Чингисийн алтан ургийн хойчис, боржигон овогт Ванчиг гэдэг хүн. Удахгүй 70 нас хүрэх гэж байна. Шинжлэх ухаан дэлгэрүүлэх ажилд эрдэм түгээх адил насаараа зүтгэсэн хүн. Орчин үеийн шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн цаг үед манай говь нутгаар Өвөрмонгол, халхаар явж байгаа олон жуулчид, шашин дэлгэрүүлэгчид байнга явж байв. Тэд биднийг хоцрогдсон, бүдүүлэг гэж хардаг. Аргагүй тэр үед монголчууд Манжийн дарлалын дор өөрийн эрх чөлөө байсангүй. Бурхан шашинд орсон үед хардаг нь хааяа нэг сүм байсан, хоцронгуй л байсан. Түүнээс болж л одоог хүртэл монголчуудыг морио унадаг, дуу дуулдаг, бөх барилддаг тийм үндэстэн гэж гадаадынхан боддог. Зарим нь монгнол хүнийг яахын аргагүй индиан хүмүүс шиг бүдүүлэг, соёлоос хоцорсон дэлхийн хөгжлөөс тасарч үлдсэн хүмүүс гэж хардаг. Харин би тэр талаар харахдаа энэ ард түмэн чухам ийм шинжлэх ухаантай холбогдолтой юм байдаг юм уу үгүй юм уу гэдгийг байнга бодож түүхээ эргэж харахыг эртнээс хүссэн.
Миний олж мэдсэнээр монголчууд бол их эртнээс цаг үед шинжлэх ухааны өндөр төвшинд байсан. Гэхдээ сүүлийн үед маш их хоцрогдонгуй болжээ. Бид энэ талаар эргэж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол дэлхийн үндэстнээс хоцорчихно. Зарим хүмүүс төрийн эрхтэй бол бүх зүйл бүтнэ гэдэг. Би бол тэгж хардаггүй.
Төрийн эрх манайхаар байж л байсан. Гэтэл бид нар яагаад хоцорчихов. Энэ асуудлыг хараад би шинжлэх ухааны түүх судлалын замд орсон юм. Тэгээд би физик судалж эхэлсэн. Байгалийн шинжлэх ухаан бол физик, цаашлаад тоо. Тоогоор бүх юмыг хийж байна. Энэ талаас нь бид түүхээ эргэж харах нь чухал. Шинжлэх ухааны үүднээс тоо физикээ эргэж харах хэрэгтэй. Энэ судалгааг би хорин жил удирдаж байгаа. Судалгааны ажил маш их учир уйгагүй ажиллаж, их замыг тууллаа. Монголын шинжлэх ухааны түүх судлалаар удаан жил ажилласны хувьд “Монголчуудын тооны ухааны түүх” гэдэг ном бичсэн. Монголд Батжаргал гэдэг хүн тооны ухааны тухай ном бичсэн байдаг юм билээ.
Монголын шинжлэх ухааны түүх судлалаар нэгдүгээрт тоо, хоёрдугаарт тэнгэр судлал буюу астрономи орно.Их ч бүтээл байдаг. “Монголчуудын одон орон зурхай ухааны түүх” номыг би бичсэн. Энэ хоёр бүтээл бол шинжлэх ухааны хоёр том гол бүтээл. Дараа нь монголчууд мал аж ахуй, нүүдлийн мал аж ахуй гэх мэтээр эргэж харах хэрэгтэй. Монголын мал аж ахуйн шинжлэх ухааны талаар Мө.Төмөр-Очир гуайтай хамтран ном бичиж байгаа. Монголчууд өөрийн гэсэн анагаах ухааны түүхтэй. Нүүдэлчин улсад урт наслах, эрүүл саруул болохын тулд өөрийн гэсэн онцлогтой эм бий. Би “Анагаах ухааны түүх” ном хагас бичиж байгаа.
Түүхийн судалгааны түүхэнд учир барих ажлыг тууллаа. Гэхдээ хүн зорьж хийвэл зорилгодоо хүрдэг юм байна. Цаашлаад техникийн түүх, барилгын түүх судаллаа.
Би шинжлэх ухааны түүх бичихдээ дэлхийн монголчууд гэдэг ухагдахуунаар бичдэг. Шинжлэх ухаан гэдэг бол нэг хүний хөрөнгө биш бүх хүнийх юм шүү дээ. Шинжлэх ухааныг хөгжүүлсэн үндэстэн болгон ашиг олдог. Би сүүлийн үед өргөн дэлгэр ажиллахын тулд маш олон хүнтэй хамтарч ажиллаж байна. Монголын шинжлэх ухааны түүх судлах ажлын баг байгуулаад хоёр жил боллоо. Монголын шинжлэх ухааны түүх судлалын цар хүрээг дэлхийн тавцанд хүргэнэ. Монголын шинжлэх ухааны төвшинг яаж дээшлүүлэх вэ гэдэг асуудал миний хамгийн чухал ажил. 800 жилийн өмнө монголчууд босоо бичигтэй болж, утга хэл зохиол, бурхан шашны гол зохиолоо орчуулж байсан. Одоо монголчууд байгалийн шинжлэх ухааны сонгодог зохиолоос хоёрхон ном орчуулж байна. Нэг нь байгалийн гүн ухаан, тооны ухаан, нөгөө нь геометр математикийн ном. Дэлхийн шинжлэх ухааны сонгодог зохиолыг монголчууд эх хэлээрээ уншиж, судлах хэрэгтэй. Иймээс би байгалийн шинжлэх ухааны сонгодог 100 боть ном орчуулах бодолтой байгаа.Эхний ботийг нь Дарвины зохиолоос эхэлчихсэн, удахгүй хэвлэгдэн гарна. Дэлхийн шинжлэх ухааны сонгодог бүтээлийг өөрийн хэлээр орчуулах нь маш чухал юм.
Би зургаан ном хэвлэлтэд өгсөн байгаа. Эхний ном нь монголчууд шинжлэх ухааны талаар яаж бичдэг арга замын тухай “Шинжлэх ухаан уран зохиолын онол” гэдэг ном бичсэн. Дараагийнх нь “Дэлхийн бөмбөрцөг дээрх хамаг сайн монгол хүн” гэдэг зохиол дунд сургуулийн сурагчдын сурах бичигт орсон.
Морь гэдэг бол монгол соёлын гол цөм гэж би боддог. Тэгээд би анхныхаа номыг “Монголчууд ба морь” гэсэн нэртэй гаргасан. Төрийн шагнал авсан. Монгол хүн “малчин заяа, морьтой заяа” гэдэг шүү дээ. Холын аянд явсан ч, хонинд явсан ч үргэлж л морьтойгоо явдаг. Би монголчуудын 5000 дууг судалж үзэхэд 40 хувь нь морины тухай байсан. Монголчууд морио дээдэлдэг ард түмэн. Монгол нутагт морь бол бурхантай адилаар хүндэлдэг. Энэ жил би морины тухай дөрвөн ном бичсэн. Дараа жил дөрвөн ном бичнэ.
-Таны хийж байгаа бүтээл, энэ олон боть ном, төсөл дотор монголчууд үр хүүхдүүддээ шинжлэх ухааны түүхээ таниулах, өвлүүлэн үлдээх зүйл хэр орсон бэ. Хүүхдэд багаас нь гэдэг утгаараа шүү, том болсон хойноо уншаад өнгөрөх биш хүүхдийг багаас нь монгол соёл шинжлэх ухааны түүхтэй яаж танилцуулж, яаж нөхөрлүүлэх, яаж үргэлж тэрнийг нь мартагдуулахгүй бусад соёлд ч юм уу уусгахгүйгээр авч явах учиртай юм бэ. Ийм үзэл санаа шингээсэн зохиол эдгээр ном дотор байгаа юу?
-Хүүхдэд зориулсан бүх л шинжлэх ухааныг дэлгэрүүлнэ гэдэг талаар гурван төсөл бий.
Эхнийх нь төсөл эрдэм дэлгэрүүлэх цар. Хоёр дахь төсөл нь ерөнхийдөө их сургууль төгссөн хүүхдүүдэд зориулсан.
Би арван жил “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн ерөнхий редактороор ажилласан. Энэ сэтгүүлийг би эхэлж гаргасан. 1985 онд өвөрмонголчуудын, монголчуудын амьдралд хэрэгтэй гэдэг талаас нь маш их хөөцөлдөж байж энэ сэтгүүлийг ганцаараа эхэлсэн. Энэ сэтгүүлийг хийхдээ Монгол Улсын “ Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлтэй нэг өдөр хийсэн.
“Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүл “Шинэ толь” сэтгүүлээс эхэлсэн юм билээ. Би тэрийг мэдээгүй байсан. Дэлхийн анхны шинжлэх ухааны сэтгүүлтэй яг нэг өдөр өөрийн сэтгүүлийн эхлэлийг тавьсан.
-Монголын сонин бичиг гэж Монгол Улсын анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхны сонин гарсан өдөр 1921 оны 03-р сарын 06.
-Монголчууд дэлхийн шинжлэх ухаанд анхаарч байсан байна шүү дээ. Тэр өдрийг сонгосон нь ч бас учиртай байж таарна. Миний хувьд “Шинжлэх ухаан” гэсэн сэтгүүлийг 2014 оны 03-р сарын 06-наас эхлэн гаргаж байгаа. Шинжлэх ухаан дэлгэрүүлэх ажлыг миний хувьд хүүхдүүдэд зориулсан. Одоо хүртэл энэ сэтгүүл гарч байгаа. Дээрээс нь бас нэг сэтгүүл эрхлэх гэж байна. Миний хийх ажил зөндөө байна. Уг сэтгүүлээ монгол, англи хэлээр гаргана. Англиар гаргаж байгаа нь сэтгүүлээ дэлхийн тавцанд гаргах, монголчууд ийм зүйл хийж байна гэдгийг дэлхийд харуулна.
Мөн “Монголын шинжлэх ухаан түүх” гэдэг 100 ангит баримтат кино хийнэ. Киногоо хятад, англи, монгол хэлээр гаргана. Хүүхдүүд киногоо үзээд монгол үндэстнээрээ бахархана, түүхээ мэднэ, олон зүйлийг сурна шүү дээ. Дараагийн ажил нь Монгол үндэстний шинжлэх ухааны музей нээх гэж байгаа. Тэр музейдаа киногоо гаргана. Монголчуудын шинжлэх ухааны хамгийн өндөр төвшин бол одон орон байдаг. Би одон орон судлалаар докторын зэрэг хамгаалсан хүн. Удахгүй шинжлэх ухааны хөгжлийн сан байгуулах гэж байна. Зөвхөн Засгийн газрыг түших биш хандив дэмжлэгээр мөнгө цуглуулж, олон зүйл хийхээр төлөвлөж байна даа.