Тус ажлын айлчлал нь өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжиж байгаа бөгөөд зорилго нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогыг танилцуулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэгдэж байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 6 дугаар сарын 23-ны өдөр БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Төлөөлөгчид манай улсын аялал жуулчлалын гол бүс, газруудтай танилцахаас гадна БНАСАУ-аас аялал жуулчлалын салбарт баримталж буй хөрөнгө оруулалтын бодлогыг Монголын хувийн хэвшлийнхэнд танилцуулах, боловсон хүчин хамтран бэлтгэх асуудлаар Санхүү, эдийн засгийн дээд сургуульд зочлох болно.