Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар саны 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баярын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Дэмбэрэл нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа.