logo
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив

2014/06/25

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.24/ УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан 11 бүлэг, 121 зүйлтэйгээр шинэчилэн найруулж төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд одоогийн Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан хэдий ч улсын төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх үүднээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар санал оруулжээ.

Гэр бүлийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль, бусад хуульд бүрнээ нийцэж байгаа бөгөөд уг хуулийн хэрэгжилтийг бодитойгоор хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчилгүйгээр, уялдааг сайжруулах үүднээс шинээр боловсруулж байгаа Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулиудын төсөлтэй уялдуулсан ба энэ хууль батлагдахтай холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай зэрэг 10 орчим хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш