logo
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Цаг хугацаа бол ямар ч ашигт малтмалаас үнэтэй зүйл

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Цаг хугацаа бол ямар ч ашигт малтмалаас үнэтэй зүйл

2014/06/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд, залуус шууд хүлээж авч байна

Баттулга гишүүнийг өнөөдөр урьж уулзаж байгаагийн шалтгаан бол “Зуун чухал сэдэв” гэсэн нэвтрүүлэг олон телевизээр гарсан. Олон хүн үзсэн байх. Хүмүүс үүнийг гурван янзаар хүлээж авч байх шиг байна. Хөгшид, ахмадууд бухимдаж байна. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхэд, залуус шууд хүлээж авч байгаа. Учраа мэдэх хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Ер нь л халаглаж хүлээж авч байх шиг. Их сайхан юм боллоо гэж хүлээж авч байгаа нь хэр болохыг би сайн мэдэхгүй байна.

Бид хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ

Бид хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ. Үндэсний эв нэгдлийн үүднээс хагаралдахгүй байх учиртай чухал сэдвүүд гэж байдаг. Гадаад бодлого, тусгаар тогтнол зэрэг сэдвээр нэг талын улс төр хийж болохгүй. Яагаад улстөржиж болохгүй вэ гэхээр дээрх сэдвүүдээр ярихаар улс төр хагарал бий болгодог  учраас энэ сэдвүүд дээр Монгол Улс нэгдмэл байр суурьтай байх учиртай. Гадаад бодлогын хувьд уламжлалт, нэгдмэл байр суурьтай, үндэсний эв нэгдлийн асуудал дээр мөн нэгдмэл байр суурьтай байх учиртай юм.

Нэг ийм нэвтрүүлэг хийгээд зохион байгуулалттай цацахаар нөгөө талаас бас нэг хэсэг хүн өөрийгөө өмөөрөөд нэвтрүүлэг хийж мэднэ. Үүний үр дүнд бодлого гаргаж байгаа хүмүүс ч, жирийн иргэд ч хоорондоо хагаралдаж эхэлнэ. Тэгэхээр энэ бол байж болохгүй зүйл. Монголчууд өөр хоорондоо хагаралдаад, хоорондоо зодолдоод эхэлбэл хэн очиж салгах вэ. Эрхэм гишүүд очиж салгах уу. Үүн дээр бодолтой хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Жирийн иргэд бол асуудлыг тал талаас нь ярьж болно. Улс төрийн албан тушаалтан, тэр тусмаа УИХ-ын гишүүний хувьд байж болохгүй.  УИХ-ын гишүүн гэдэг төрийн албан хаагч, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтан юм. УИХ-ын гишүүн ямар ч асуудлыг санаачлаад, УИХ-аар хэлэлцүүлж, шийдүүлэх эрхтэй. Энэ ажлаа л хийх хэрэгтэй. Үүндээ онцгой анхаарах ёстой гэж бодож байна.

“Хийе, бүтээе. Монгол Улс хөгжинө” гэж бодож байгаа тэр хүмүүсийг мохоох нь бидний бодлого биш

Хамт ажиллаж байгаа хүмүүсээ “Харийн гар, хөл” гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Өөрийг чинь тэгээд хэлээд эхэлбэл яах юм. Тэгэхээр та ингэх эрхгүй л гэж хэлж байгаа юм. Би тэр нэвтрүүлгийг үзсэн. Үзээд гайхсан. Ер нь хэний бодлогыг хэнд ярьж өгөөд байгаа юм бэ. Хэний төлөвлөгөөг хэнд сануулаад байгаа юм. Хэний сурталчилгааг хэний өмнөөс хийгээд байгаа юм бэ гэдэг дээр би их гайхсан. Лав л улс үндсээ хооронд нь хагаралдуулах бодлого Монголын төрийн бодлого биш. Хөршөө муулах нь манай улсын бодлого биш. “Хийе, бүтээе. Монгол Улс хөгжинө” гэж бодож байгаа тэр хүмүүсийг мохоох нь бидний бодлого биш. Ийм байдал, ийм арга Монголын сайн сайханд туслахгүй.

Бид сайн соёлоо түгээх хэрэгтэй

Монголын улс төр нэг зөвшил хийсэн шүү дээ. Янз бүрээр бие биеэ муу хэлсэн нэвтрүүлэг нэг үе их хийдэг байсан. Ингээд иймэрхүү гүтгэлгийн чанартай, нэг талыг барьсан, нэр усгүй нэвтрүүлэг хийхээ больё гэсэн. Улс төрд сайн соёл тогтож байсан. Энэ соёлыг өөрөө эвдэж эхэлж байна гэж би харж байна. Ийм муу зүйлд гаршиж болохгүй. Бид сайн соёлоо түгээх хэрэгтэй. Ил ярилцах хэрэгтэй. Иргэд хоорондоо байр сууриа илэрхийлж болно. Гэтэл улс төрийн албан тушаалтан хүн зохион байгуулалтад оролцоод явж болохгүй гэдгийг хэлье.

Айлын хоймроос хүний цус шинжлээд сууж байж таарахгүй

“Захиалгат нэвтрүүлэг болгон үнэн байдаггүй” гэдгийг бид сайн мэднэ. Олон нийтийн мэдээллийн хэрэслээр мэдээ, нэвтрүүлэг дамжуулж байгаа хүмүүс нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Та бүхний ярьж, хэлж байгаа бүхнийг байр суурь нь тодорхой болж чадаагүй, дөнгөж цэцэглэж босч ирж байгаа хүүхдүүд үзэж байгаа. Залуучууд үзэж байгаа. Сургуулийн хүүхдийн ихэнх нь өнөөдөр фейсбүүк, твиттер, Youtube-ийг үзэж байгаа. Тэгэхээр ийм маягаар улс төр хийж болдог юм байна. Ийм маягаар асуудал шийдүүлж болдог юм байна гэсэн ойлголтыг ялангуяа хүүхдүүдэд, залуу үедээ өгч болохгүй. Бид харин асуудлыг зөв шийддэг үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Телевизийн дэлгэцээр, айлын хоймроос хүний цус шинжлээд сууж байж таарахгүй.

Монголын хөгжил, сайн сайханд нэг тоосго ч нэмэхгүй

Ийм маягаар асуудалд хандаж, зохион байгуулдаг байдлаасаа татгалзах хэрэгтэй гэж бодож байна. Монгол Улсын нэрийн өмнөөс энэ асуудлаар ярих, гадаад бодлого, улс үндэсний эрх ашиг, ард түмнийг төлөөлж ярих эрх нэг л албан тушаалтанд байдаг. Энэ үүднээс би хэлэх үүрэгтэй. Зарим нь “Нэг нэвтрүүлэг хийгээ л биз. Юун сүртэй юм” гэж бодож магадгүй. Гэтэл мэдээлэлтэй хүмүүс харахаар дэндүү өрөөсгөл, үр дагавар нь муу харагдаад байгаа юм. Энэ нь Монголын хөгжил, сайн сайханд нэг тоосго ч нэмэхгүй.

Олон жил тойроод, байр сууриа илэрхийлээд байгаа нэг сэдэв байдаг. Үүнд тодорхой анхаарч, нэг зүйл хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ бол төмөр замын сэдэв. Би үүн дээр бүр дугаарлаж хэлье.

Төмөр зам Монголын хөгжил, дэвшилд асар их үүрэг гүйцэтгэдэг

Нэгдүгээрт, Монголчууд төмөр замын ач холбогдлыг маш сайн ойлгодог. Монголын төр, ард түмэн дэмждэг, үнэлдэг. Төмөр зам Монголын хөгжил, дэвшилд асар их үүрэг гүйцэтгэдэг. Төмөр замчид шөнө, өдөргүй зүтгэж энэ ачааг нуруун дээрээ үүрч яваа. Ноднин сонгуулиар би “Монголын өвгөн төмөр зам өнөөдөр ачааллаа даахаа болилоо” гэж ярьж байсан шүү дээ. Бид төмөр замын 65 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Монголын төмөр зам дан нуруутай, ачаагаа даахгүй явж байна. Давхар нуруутай болгоё.  Энэ бол миний итгэл үнэмшил. Үүнийг бид заавал хийх хэрэгтэй.

Х.Баттулгыг 2008 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болж байхад нь би хэлээд л гаргаж байсан. “Энд нэг жижигхэн гацаа байдаг юм. Богд уулыг тойруулаад төмөр замаа хурдан тавих хэрэгтэй. Эмээлтээс урагш явж байгаа шилний хүзүү шиг хэсэгт ачаа ирээд нарийсаад гацчихдаг хэсэг бий” гэж хэлж байсан. Энэ ажил одоо болтол хийгдээгүй. Одоо болтол энэ төмөр зам баригдаагүй байгаа.

Монгол Улс хоцорч болохгүй

Хоёрдугаарт, Ази-Европыг холбосон дэд бүтцийн хөгжлөөс Монгол Улс хоцорч болохгүй. Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн асуудлаас Монгол Улс өнчин үлдэж болохгүй. Энд бид нар заавал оролцох ёстой. Манай өвгөн төмөр зам жилдээ 20 сая тонн орчим ачаа тээдэг. Үүнийг хэд дахин нэмэгдүүлэх боломж байна. Монголын төмөр замын хүчин чадлыг нэмээд, давхар болгоод хийх юм бол хэд дахин нэмэгдэнэ. 20 сая тонн биш, 100 сая тонн, 200 сая тонн ачаа тээдэг болъё.

Төмөр зам Монголын эдийн засагт ямар их ач холбогдолтой вэ, энэ ач холбогдлыг зөвхөн нэг дахин нэмэгдүүлэхэд ямар их өөрчлөлт гарах вэ. Тав дахин, 10 дахин нэмэгдүүлье гэж бид ярьж байгаа. Алтанбулагаас Замын-Үүд хүрч байгаа төмөр замаа давхар болгоё. Хойно, Улаан-Үд дээр Оросын төмөр зам давхар ороод ирчихсэн байгаа. Үүнийг урагш явуулаад Хятадын Жинин гэдэг ачааны гол зангилаанд хүргэх талаар бид нар гурван талаараа ярьж байгаа.

Зүүн талдаа манай Эрээнцавын уламжлалт хуучин төмөр зам байж байна. Чойбалсан хүрсэн тэр төмөр замыг урагшаа Бичигтээр гаргая гэж байгаа. Дамжин өнгөрөх төмөр зам хамгийн чухал. Төмөр зам дамжиж өнгөрдөг аймаг, сум, хот, суурины хүмүүс ямар их үүрэгтэй вэ гэдгийг маш сайн мэднэ. Зүүн талаараа дамжин өнгөрөх төмөр зам барьж, хоёр хөрштэйгээ холбогдож чадах юм бол манай зүүн бүс нутгийн хөгжил босоод л ирнэ. Төлөвлөгөөг  УИХ руу оруулсан. Муу юм боловсруулж УИХ-д оруулаагүй. Олон жил ярьж байж оруулсан. Баруун талаараа Тува руу хойш гарсан төмөр зам байгуулж, тэр нь Красноярск руу холбогдож болно. Баруун талаараа дахиад дамжин өнгөрөх төмөр зам урагш гарах юм бол баруун бүс нутгийн дэд бүтцийн хөгжилтэй уялдаж холбогдоно. Ингэснээр Монголын өөрийнх нь ач холбогдол босно, өснө. Жин нь нэмэгдэнэ. Монголын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдалд ч хэрэгтэй.

Бидний өвөг дээдэс замд маш их ач холбогдол өгдөг байсан. Та бүхэн Казахстаныг хар. Торгоны замыг төмөр замаар сэргээж байна. Хятадын ачаа Казахстан, Оросоор дайраад Европ руу гарч байна. Дахиад Хятадын ачааг Казахстанаар дээгүүрээ дайруулаад, Түркээр дамжуулаад Европ руу гаргаж байна. Хятадын ачаа Казахстан, Иранаар дайраад өөр бүс нутаг руу гарч байна. Энэ үйл ажиллагаанаас Монгол үлдэж болохгүй. Замд ач холбогдол өгч, санаачилж, хамгаалж ирсэн ийм өв уламжлалтай улс шүү дээ бид. Жин тээдэг, өртөө, улаа бий болгодог нь манай өвөг дээдсийн хийж явсан ажил. Ийм ажил хийж явахдаа бидний өвөг дээдэс хүчтэй байсан. Дэлхийн гүрнийг байгуулж явсан. Үүнээс бид нэг хэрүүлд дарагдаад хоцорч болохгүй.

Төмөр зам тавих нь улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй

Гуравдугаарт, миний хэлэх гэсэн зүйл бол нүүрсний төмөр зам байгаа юм. Үүнийг зам, тээврийг хариуцсан сайд байсны хувьд Х.Баттулга өөрөө сайн мэдэж байгаа. Өдөр бүхэн мэдээлэл авч байгаа. Тавантолгойгоос урагш Гашуунсухайтаар гардаг зам байна. Үүгээр хэдэн жилийн өмнөөс нүүрс тээдэг болсон. Одоо талыг там болгосон. Говь бол гамшиг болсон. Хүн, мал ямар байгааг, тэнд хөрс ямар болсныг бүгдээрээ мэдэж байгаа. Тэндхийн ан амьтан хүртэл ямар байгааг мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр Тавантолгойн том нүүрсний уурхайгаас урагш төмөр зам тавья. Энэ нь зөв юм байна гэж олон жил ярьж байгаа. Нүүрсээ төмөр замаар тээх нь зөв юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Одоо тэнд нөгөө хэрэлдээд байдаг төмөр замын тэвшнээс том, өргөн ачаа ачих боломжтой гадна, дотнын хэдэн зуун машин явж байгаа. Хэдэн зуун жолооч явж байгаа. Хэн явж байгааг та өөрөө сайн мэдэж л байгаа.

Энэ төмөр замыг тавих нь үнэхээр эдийн засагт, улс орны, орон нутгийн хөгжил дэвшилд хэрэгтэй юм. Эхлээд хөндлөн төмөр замаа тавья гээд, Баттулга сайд болоод ажилласан. Одоо тавигдаагүй л байна. Босоо зам нь тавигдаагүй байхад хөндлөн нь тавигдахгүй юм байна. Ашигт малтмалаас Монголд хамгийн их нь нүүрс байдаг. Энэ нүүрсийг авах эзэн байгаад үнэ хүрч л байдаг юм бол бид хүргэж өгч л байх хэрэгтэй. Тэндээс орж ирсэн орлогоороо дараагийн төмөр замаа тавьж болно шүү дээ. Хөндлөн төмөр зам яагаад яваагүй вэ гэхээр босоо нь тавигдахгүй, босоо замын хүчин чадал нэмэгдэхгүй байгаа учраас тавигддаггүй юм байна. Шонгийн мод босгож байж цахилгааны утас холбодогтой адилхан. Ингээд шат дараалалтай явъя гэж байгаа юм. Үүнийг ингэж ард иргэдэд ойлгуулах бүрэн боломж бий.

Дөрөвдүгээрт, энэ асуудлыг Баттулга өөрөө хариуцаад ажиллаж байсан сайд шүү дээ. 2008 онд Баттулгыг Зам, тээврийн сайд болоход “Ийм ийм ажил хийнэ шүү” гээд өрөөндөө дуудаж хэлж байсан даа. “Хүрз барьж чадах хүн болгоныг аваачиж даланг нь бариулъя. Тавь тавин км, 100, 100 км-ээр нь хувааж өгөөд төмөр замыг босгоотох. 2010 он гэхэд үр дүн гаргаарай” гэсэн. Одоо юу ч байхгүй.

Бид хэрэлдэж хэрэлдэж төмөр замын бодлогыг баталсан. Энэ нь тодорхой хэмжээнд дэвшил байсан. Бид 2010 онд дахин уулзаж 2012 онд энэ ажлыг хийнэ шүү гэж сануулсан ч хийгээгүй. Энэ ажлаа өөрөө ч хийгээгүй, хүнийг ч хийлгээгүй. Би 2013 онд Засгийн газрын хуралдаанд ороод “Бүү шалтаг тоочиж, санаа алдаад суугаад бай. Энэ ажлыг бүү уяад бай” гэж Гансүх сайд болон Баттулга сайд нарт сануулж байсан. Хүмүүс санаж байгаа байх.

Бүр болохгүй болоод 2012 оны сонгуулийн дараа “Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлаа Баттулга хий. Үйлдвэр, хөдөө аж ахуйн ажлыг  чи сайн хариуц” гэж хэлсэн. Одоо тэгээд Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна? Тэнд чухам юу хийв? Саяхан би Сайншандтай холбогдоход Иргэдийн Хурлын дарга нь “Алтанширээ суманд газрын асуудлыг шилжүүлэх шаардлагатай байна. Усны асуудал хүндрэлтэй байна. Сонгож авсан газар нь цэвдэг ихтэй юм” гэж хэлсэн. Ядаж энэ мэт зүйлийг судлаад, асуудлыг шийдэх хугацаа байсан шүү дээ. Энэ бүх боломж өөрт чинь байсан шүү.

 Иргэд өөрөөс чинь хариуцлага нэхэх эрхтэй. Түүхийн хэдэн дүрс, хүмүүсийн яриа эвлүүлээд асуудлыг шийдэж болохгүй ээ. Тэр аж үйлдвэрийн парк, төмөр зам хаана байна?! Өөрт чинь эрх мэдэл, боломж, цаг хугацаа нь байсан шүү дээ.

Далайн боомтод хүрэх төмөр зам чухал

Тавдугаарт, Төмөр замд яагаад ач холбогдол өгдөг юм гэвэл төмөр замаар явсан ачаа далайн боомт руу шууд хүрдэг. Монгол Улсад далайн боомт асар чухал. Машинаар тээвэрлэсэн ачааг дурын цагдаа, хүнд сурталтан зогсоогоод байдаг. Харин төмөр зам шууд яваад боомтод хүрдэг. Иймээс төмөр зам нь Монголын хувьд хэрэгтэй. Бид зөвхөн урд хөршид нүүрс зарах гээд байгаа юм биш. Гуравдахь хөрш чухал. Төмөр замаар ачаагаа тээвэрлээд ирэхээр олон улсын гэрээ хэлэлцээрээр асуудлыг шийддэг. Төмөр замаар тээвэрлэх ачаа олон улсын гэрээ хэлэлцээрийн субъект болдог. Бид нэмүү өртөг үүсгэж бараагаа хоёр хөршдөө хүргэнэ. Цаашилбал гуравдагч хөршид хүргэнэ гээд төмөр зам нь манай улсад чухал хэрэгтэй.

Монгол Улс өөрийн гэсэн бодлого, эрх ашигтай

Зургадугаарт,Төмөр замын хувьд Монгол Улс өөрийн гэсэн бодлого, эрх ашигтай гэдгийг та мэдэж байгаа.Тавантолгойгоос урагшаа барих төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, өртөөнүүдэд ажиллах инженер ажилчид гээд бүгд Монголынх байна. Ачааг хилээр гаргасны дараа хөрш орны зүтгүүр хүлээн аваад цааш явна. Ачааг хилийн наана асгаад дахин ачина гэж байхгүй. Цагаанхад гэдэг газар нүүрс асгаж, ачиж байгаа шиг гамшиг болгохгүй. Нэвтрүүлэг хийж юм уу тусдаа ярихгүй л байгаа болохоос энэ бол манай бодлого, эрх ашиг шүү дээ.

Энэ асуудлыг бид хөрштэйгөө ярилцаж байгаа. Харин энэ асуудлыг “хэрүүлийн алим” болгож, ажлаа унагаамааргүй байна. Хөрш орнуудад нүүрс мэтийн ачааг тухайн орны царигаар гаргах нь зөв гэж үзэж байгаа. ОХУ руу өргөн царигаар, урд хөрш рүүөөрийх нь царигаар, дугуй солих шаардлагагүй яваг. Ачсан нүүрсийг нь асгаж, дахин тээвэрлэхгүй яваг. Баттулга гишүүн өөрөө сайн мэдэж байгаа. Төмөр замын бодлогын талаар маргалдаад байх хэрэггүй, бидний хэдийнэ шийдсэн асуудал шүү дээ. “Шинээр байгуулах төмөр зам нь одоогийн төмөр замтай шууд холбогдох буюу огтлолцох тохиолдолд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” гээд тогтсон. Одоогийн энэ Алтанбулагаас Замын Үүд рүү чиглэсэн төмөр замтай огтлолцохоор бол энэ өргөн царигаар байна шүү гэж ярьсан.

Харин “Бүтээгдэхүүнийг нь экспортод шууд тээвэрлэх, ашигт малтмалын орд, боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэх зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлэнэ” гэж тогтсон.

Үүний дагуу Засгийн газар УИХ-д оруулж байгаа. Гансүх сайд, дэд сайд байхад 2009 оны долдугаар сард гарын үсэг зурж, өөрөө боловсруулсан санамж бичиг байна. Энэхүү санамж бичигт бүр тодорхой зааж өгсөн. “Талууд хамтран 2010 онд Шивээ хүрэн-Нарийн сухайтын төмөр замыг барина” гэсэн. Мөн “2012 онд Тавантолгой-Оюутолгой-Сайншанд, Сайншанд-Чойбалсан, Сайншанд-Замын Үүд, Баруун Урт-Бичигт чиглэлийн төмөр замыг тус тус байгуулж дуусгана. ” гэж байна. “Шивээ хүрэн-Нарийн сухайт, Сайншанд-Замын-Үүд, Баруун урт-Бичигт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигаар барина” гэсэн байна. Нөгөө нарийн цариг шүү дээ.

Монгол Улс энэ асуудалд бодлоготой байх ёстой. Хоёр яамдын хооронд зүгээр нэг  санамж бичиг байгуулаад шийдэж болохгүй. Тэгээд бид өөр байр суурьтай байгаа учраас зогсооход хүрч байсан. Нарийн төмөр зам байгуулахдаа тулах юм бол бид дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтод хүрэх чиглэлтэйгээ уялдуулж шийдье гэсэн байр суурьтай байгаа.

Цаг хугацаа бол ямар ч ашигт малтмалаас үнэтэй зүйл

Долдугаарт,Нарийн төмөр зам тавьж, энэ нь урд хөршийн нутгаар дамжихаар бол тарифын хөнгөлөлт авъя, төмөр замын чиглэлээ та бүхэн тодорхой болгоод өг, чухам ямар боомтоор ачаа тээвэрлэх вэ гэх мэт асуудлыг гэрээ хэлэлцээртээ тусгая гэж ярилцсан. Мөн хэдий хэмжээний ачааг гуравдагч талд хүргэх боломжтой болон хугацааны асуудлыг ярилцъя. Мөн тээвэрлэж буй ачаа нь Монголд бүртгэлтэй, Монголд татвараа төлдөг аж ахуйн нэгжийнх байх ёстой гэх мэт асуудлуудыг бид ярилцаад явж байна.

Эдгээрийн гол гол санаануудыг УИХ-д оруулж буй тогтоолд тусгасан байгаа. Төмөр замын огт бодлогогүй байсан юм шиг ярьж болохгүй. Нэг хэсэг нь эх орноо худалдах гэж байгаа мэтээр харуулах нь буруу. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд, эдгээр асуудлуудыг өөрийн чинь сайд байх үед шийдсэн байх ёстой. Цаг хугацаа бол ямар ч ашигт малтмалаас үнэтэй зүйл. Бид энэ асуудлыг тойрч хэрэлдсээр байгаад зургаан жил алдлаа. Зарим баялгын үнэ унаж магадгүй. Одоо нүүрс хүнд хэрэгтэй байгаа ч хэдэн жилийн дараа үүнийг орлуулах хямд, илүү ашигтай түүхий эд гаргаад ирж магадгүй шүү дээ. Бид энэ цаг хугацааг ашиглаад шийдэх л ёстой.

Хөршөө муулдаг сайн хөршийн бодлого гэж байж болохгүй

Наймдугаарт, Монгол Улс бол их өвөрмөц байршилтай, хоёр том улсын дунд оршдог цорын ганц орон. Хөдлөшгүй үнэн бол эдгээр хөрш орнуудтай ярилцаж, гадаад бодлого зэргээ уялдуулах ёстой. Бид харилцан бие биенийхээ эрх ашгийг хүндэтгэж, гэрээ хэлэлцээртээ тусгаад хийгээд явж байгаа. Төр засгийн бүх түвшинд энэ асуудлыг ярилцаж байгаа, ингэж ч ажиллахаас өөр аргагүй гэж би хувьдаа боддог. Хөршөө муулдаг сайн хөршийн бодлого гэж байж болохгүй. Энэ асуудал дээр Монголын төр нэгдмэл бодлоготой байх ёстой.

Эцэст нь хэлэхэд Монгол Улс хөгжинө, би улс орныхоо ирээдүйд итгэж байгаа. Үүний төлөө зүтгэж байгаа хүмүүсийн хүсэл зоригийг мохоож болохгүй ээ. Үүнд итгэж байгаа хүүхэд залуусын үзэл бодлыг үймүүлж болохгүй. Манай иргэдийн 80 хувь нь улс орныхоо ирээдүйд итгэдэг гэж хариулдаг. Хэдийгээр асуудал тулгардаг ч бид болж бүтнэ, хөгжинө гэдэгт итгэдэг.

Баттулга гишүүний хэрэгжүүлдэг сайн сайхан ажил, ирээдүйтэй бодлогуудыг дэмжинэ, дэмжсээр ирсэн, цаашид ч дэмжинэ. “Түмэн хишигтэн” гээд том төсөл байна. Энэ төслийг дэмжинэ. Дэмжсээр ч ирсэн. “Майдар хот” байна. Мөн л маш зөв бодлого. “Шинэ сумын төв” байна. Цөөн суманд хэрэгжээд нэлээд ажил хийгдээд явж байгаа. Энэ бүхнийг Засгийн газар дэмжээд, хөтөлбөр болгоод явах хэрэгтэй. Шинэ сумын хөтөлбөрийг хөдөө орон нутгийнхан ихэд сонирхон харж байна. Хамгийн гол нь төсөв, ажил нь ил тод, хяналттай байх ёстой. Жудо бөх, спортыг дэмждэг санаачлагууд чинь сайшаалтай хэрэг.

Төрийн ажлыг сайн хийж чаддаг хүмүүс гэж байдаг. Зарим нэг албан тушаалтнуудыг хараад байхад төрд, төсөвт ойртуулмааргүй хүмүүс байдаг. Авлига, албан тушаалын асуудалтай бид тэмцэнэ. Саяхан газрын тухай хуулийг иргэд ихэд шүүмжилсний дараа татаад авчихлаа. Газрыг зөвхөн Монгол Улсын иргэн өмчлөх, эзэмших ёстой. Газар бол Монгол улсын иргэдэд л баялаг болж очих ёстой. Буруу зүйлийг бол хэлж шүүмжилнэ.

Олон нийтийн өмнө ярьж байгаа хүн онцгой хариуцлагатай байх үүрэгтэй

Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хандаж нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Олон нийтийн өмнө, зурагтаар айлын хойморт ярьж байгаа хүн онцгой хариуцлагатай байх ёстой. Хэсэг нөхдүүд зочид буудлын арын өрөөнд хийсэн нэвтрүүлгийг шууд гаргана гэдэг байж болохгүй асуудал. Тэр телевизэд захирал, менежер, удирдлага гэж байх ёстой. Тэдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Зурагтаар гарах сэтгүүлч хувцас хунараа янзлаад гардаг шүү дээ. Элдэв нэвтрүүлэг хийж байгаа нөхдүүд нэр усаа тавих хэрэгтэй. Хэний зохиолоор, хэн санхүүжүүлж,  хэн найруулж, хэн монтаж хийж байгаа, хэн зургийг нь авч байгаа энэ бүх мэдээлэл ил байх ёстой. Үнэхээр эх орныхоо төлөө гэсэн бодолтой байгаа бол нэр усыг нь хармаар байна шүү дээ. Телевизийн хөтөлбөр өөрчлөгдөөд гарч байгаа бол ямар учраас, хэний санхүүжилтээр гаргаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээ, твиттер, фэйсбүүк мөн адилхан. Нэр устайгаа, өөрөө харагдаж байх ёстой. Нүүрээ харуулж чадахгүй байж асуудал ярих гээд байдаг. Наад зах нь тийм хариуцлагатай байх үүрэгтэй.  Аливаа зүйл буух эзэн буцах хаягтай байх ёстой. Энэ асуудлыг цаашид хууль журамд оруулах хэрэгтэй.

Ингээд хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө тал талаасаа зүтгэе. Монголын нэг давуу тал бол нээлттэй байдал шүү дээ. Бид сайн муугаа ярьж чаддаг. Та бүхэнд баярлалаа.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш