logo
Ц.Элбэгдорж: Монгол Улс манлайлагч байх хэмжээнд оролцох болно

Ц.Элбэгдорж: Монгол Улс манлайлагч байх хэмжээнд оролцох болно

2014/06/27

“Зүүн хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил: Гобитек ба Азийн супер сүлжээ” санаачилга” сэдэвт  Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын Форум олон улсын хурал өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уг хурлын нээлтэд оролцон үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм хатагтай, ноёдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. Зүүн хойд Азийн бүсэд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон гэсэн зургаан улс багтдаг. Энэ хүрээнд өнөөдөр маш их чухал сэдэв болох Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ярилцах гэж байна. Монгол Улсын зүгээс гаргасан тодорхой санаачилга бий. Тэр санаачлагыг “Гобитек” гэж нэрлэдэг. Говийн сэргээгдэх эрчим хүчний боломжийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэе. Үүнд Монгол Улс идэвхтэй оролцъё гэсэн байр суурьтай байдаг. Энэ санаачлагыг олон улсын түвшинд гаргаж нэлээд ярилцсан.

Манай талын эрдэмтэн, судлаачид, бодлого тодорхойлогчид идэвхтэй ажилласны үр дүнд олон улсын эрдэмтэн, судлаачид энэ асуудлыг ярьдаг, олон улсын анхааралд орсон  сэдэв болж хувираад байна. 

Монгол Улсын хувьд нар, салхины эрчим хүчний асар их нөөц боломжтой. Дээр нь байршлын хувьд стратегийн чухал байршилтай улс юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний гол хөшүүрэг, гол боомт орон болж ажиллах бүрэн боломжтой. Энэ санаачлагаа бид хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Бидний санаачлагыг дэмжиж оролцож байгаа Зүүн хойд Азийн улс орнууд, эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчдад маш их талархаж байна. “Олон улсын Эрчим хүчний Харти” байгууллагын удирдлага  Монгол Улсад хүрэлцэн ирж энэ сэдвээр Зүүн хойд Азийн орнуудын төлөөллийг ороцуулан ярилцаж байгаа нь чухал юм.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс гадна Зүүн хойд Азийг хамарсан сэтгээгдэх эрчим хүчний супер сүлжээ, эх үүсвэр үүсгэх боломжтой.

Энэ хоёр төслийн талаар өнөөдөр эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөл, бодлого тодорхойлогчид хамтран ярих гэж байгаа нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдол өгч байна гэсэн үг.

Монголчууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж сурч байгаа. Нэг өрхөд оногдох сэргээгдэх эрчим хүч ашиглах түвшингээрээ бүс нутагтаа нэлээд гайгүй байр суурь эзэлдэг. 1990-ээд оны дунд үеэс хэрэгжүүлсэн “100 мянган нарны гэрэл” гэдэг хөтөлбөр бий. Монголын хөдөөгийн олон айл өрх эрчим хүчний байнгын эх үүсвэрээс хол,мал аж ахуй эрхэлж амьдардаг. Тиймээс тэр айл өрхүүдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгаантай байлгахад сэргээгдэх эрчим хүч ашигладаг болсон. “100 мянган нарны гэрэл” төсөл маш амжилттай хэрэгжсэн. Салхин сэнсний төслүүд орж ирсэн. Манай хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, малчин өрхүүд хамтарч энэ чиглэлд их идэвхтэй ажиллаж байгаа. Хэрэв хөдөө орон нутагт явж үзвэл нарны зай, эсвэл салхин сэнс ашиглаагүй малчин өрх бараг байхгүй. Энэ нь цаашаа дэлгэрээд сум, жижиг суурин газрууд, багийн төвд цахилгааны ийм эх үүсвэр нэмэгдэж байна. Үүнийг ашиглаад эхлээд чийдэн асаадаг, зурагтаа үздэг байсан. Гар утсаа цэнэглэдэг байсан. Одоо бол хөргөгч, угаалгын машин ажиллуулдаг болсон. Манай айл өрхүүд сэргээгдэх эрчим хүчний боломж, давуу талыг их сайн ойлгодог хүмүүс юм. Энэ хандлага манай бүс нутагт дэлгэрвэл их сайн зйүлд хүргэнэ гэж бодож байгаа.

Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой Гобитек, Азийн супер сүлжээ гэдэг сэдвээр хангалттай ярилаа. Энэ талаар манай судлаачид, олон улсын байгууллагаас гаргасан дүгнэлтүүд, ТЭЗҮ байна. Энэ төсөл хэрэгжих боломжтой. Эдийн засаг, санхүүгийн хувьд, олон улсын хандлага талаас нь авч үзвэл энэ хоёр төсөл цаасан дээр үлдэх мөрөөдөл төдий зүйл биш юм. Хэрэгжих боломжтой юм байна гэсэн дүгнэлт гарч байгаад би хувьдаатуйлын их баяртай байна.

Монгол Улсын хувьд 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргана гэсэн нэлээд өндөр зорилт тавиад ажиллаж байна.Бид хөтөлбөрөө гаргаж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Анхны алхмаа хийсэн. Салхитын станцыг 50МВт-ын чадалтайгаар анх эхлүүлсэн. Түүний сайн тал бол хувийн хөрөнгө оруулагчид орж ирж, энэ эрсдэлтэй хэцүү ажлыг эхлүүлсэн. Энэ хүмүүст бид талархал илэрхийлэх ёстой. Төр, Засгийн газрын зүгээс дэмжиж идэвхтэй хамтарч ажиллах ёстой. Хувийн хөрөнгө оруулагчид орж ирж ажиллахад үнийн талаас хүндрэлтэй байдаг. Сэргээгдэх эрчим хүчийг Монголд ихээхэн хэмжээгээр үйлдвэрлэхээс гадна бусад эрчим хүчний эх үүсвэрт суурилсан эрчим хүч үйлдвэрлэвэл үнийн хувьд өрсөлдөх чадвартай болох боломжтой. Хоёр хөршийн хувьд энэ чиглэлд бодлого гаргаад ажиллаж байгаа. Ялангуяа говь гэдэг өргөн бүс нутгийг хувааж хиллэж байгаа БНХАУ-ын хувьд нэлээд эрчимтэй, тодорхой бодлого гаргасан байна. БНХАУ 2020 гэхэд өөрийнхөө хэрэглээний 15 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргана гэсэн зорилт тавиад байна.

Бас Монголд эрчим хүч үйлдвэрлээд цааш нь экспортлох, худалдах зорилго тавиад ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хоёр орны удирдлага, яамд, сайд, дарга нар гэрээ хэлэлцээр хийж ажиллаж байна. Анхны санамж бичиг байгуулагдсан. Одоо гэрээ хэлэлцээрийн түвшинд ажиллаж байгаа гэдгийг энд хэлэх ёстой. Монголоос гадагш гаргаж байгаа таван КВт эрчим хүчний нэг КВт нь сэргээгдэх эрчим хүчнээс гарна. Энэ дээр хамтарч ажиллая гэж ярьж байгаа. Үүнийг бид маш өндөр түвшинд ярилцаж ойлголцож, тохирч байна. Иймээс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, үүнд хөрөнгө оруулах чиглэлд хамтарч ажиллах сайхан боломж байна.

Нар, салхины эрчим хүчинд бас дутагдалтай тал байдаг. Нарны хувьд шөнө эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй, зөвхөн өдрийн нартай хугацааг шаарддаг. Салхины хувьд тодорхой түвшинд салхины хурд хадгалагдах ёстой. Салхи нь буурахаар гаргаж байгаа эрчим хүчний хувь буурдаг. Үүнийг олон улсын хэмжээнд тогтворгүй байдал гэж нэрлээд байгаа. Үүнээс гарахын тулд хойд хөрштэйгээ хамтарна. Манай хойд хөрш усан цахилгаан станц, усанд суурилсан эрчим хүч гаргах талаар маш их туршлага хуримтлуулсан, маш өндөр хэмжээгээр эрчим хүч гаргадаг. Олон жил үйлдвэрлэж байгаа учраас эрчим хүчний үнэ нь өрсөлдөх чадвартай, маш хямдхан болж хувирч байгаа. ОХУ энэ чиглэлд хамтарч орж ирээд, Эрчим хүчний супер сүлжээ зэрэгтэй холбогдвол тогтвортой эрчим хүчний систем үүсэх сайхан боломж бүрдэнэ. Монгол Улсын хувьд нүүрсний уурхайнууд дээрээ боломжоороо эрчим хүч үйлдвэрлээд, үнийн хувьд өрсөлдөх чадвартай болоод ирвэл супер сүлжээнд нэгдэх сайхан боломж гарах юм. Ингэж бид тал талдаа санаачлагатай ажиллаж байгаа.

Энэ талаар та бүхэн өнөөдөр үнэтэй саналаа ярилцах байх аа. Нүүрс, нар, салхи, усан цахилгаан станц зэргийг хоршиж ашиглавал эрчим хүчний хангамж тогтвортой болох сайхан боломж байна. Олон улсын хандлага энэ рүү явж байгаа.

Энэ жил есдүгээр сард НҮБ-ын чуулганаар ярих нэг гол сэдэв бол байгаль орчны асуудал, сэргээгдэх эрчим хүч, дэлхийн дулааралтай холбоотой асуудал юм. Нүүрсхүчлийн хийг яаж багасгах вэ, цаг уурын өөрчлөлт дээр ямар алхам хийх вэ гэсэн асуудал ярилцана. Хэдэн жилийн өмнө Копенгагенд дэлхийн 130 гаруй орны төр, Засгийн газрын тэргүүн нар цуглаж бас ярилцаж байсан. Энэ жилдээ, ойрын 2-3 жилд багтаагаад гишүүн улс орон бүхэн хэрэгжүүлэх үүрэгтэй тогтоол, нэг үгээр хэлбэл хууль батлахаар ажиллаж байгаа. Үүний хандлага нь их зөв. Олон улсын хувьд эрх зүйн орчин нь бий болно. Санхүүгийн тодорхой урамшуулал бий болгоё гэж байгаа. Нүүрсхүчлийн хийгээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа бол түүнийг урамшуулдаг систем рүү олон улсын хэмжээнд шилжиж байна. Үүний ирээдүй цаг нь зөв, хандлага нь зөв.Ийм асуудлаар өнөөдөр та бүхэн ярилцах гэж байна.

Хөрөнгө оруулалтын асуудал бий. Азийн хөгжлийн банкны төлөөлөл энд идэвхтэй оролцож байгаад би их баяртай байна. Азийн хөгжлийн банк, бүс нутгийн банкууд орж ирвэл маш их итгэлцлийг бий болгож чадна. Монгол Улсын хувьд ч тодорхой хэмжээний хөрөнгийг хамтарсан хөрөнгө оруулалтын сан байдлаар гаргаж, эрчим хүчний эх үүсвэрүүдэд оруулахад, бусад улс оронтой хамтарч ажиллахад бэлэн байгаа. Европ, олон улсын Эрчим хүчний Хартийн байгууллагын зүгээс нэгдсэн ойлголцол бий болгох чиглэлд санаачилга гаргаж ажиллаж байгаад туйлын баяртай байна. Өнөөдрийн ярих сэдэв, та бүхний зорьж байгаа ажил биелэх, үр дүн гарах боломжтой. Үүнд Монгол Улс идэвхтэй, манлайлагчийн түвшинд оролцож, манлайлагч нь байх хэмжээнд оролцох болно.

Өнөөдрийн хурал, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрчим хүчний Хартийн Ерөнхий нарийн бичгийн дарга Урбан Руснак нарыг хүлээн авч уулзан санал солилцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш