logo
Хууль бус данснуудыг хаах шаардлага хүргүүллээ

Хууль бус данснуудыг хаах шаардлага хүргүүллээ

2014/06/30

Засгийн газар хууль бусаар 106 харилцах данс нээж, гүйлгээ хийж байсан нь аудитын шалгалтаар илэрсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүд хууль бус үйлдэлд хариуцлага тооцох ёстойг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санууллаа. Монголын эдийн засаг хүндэрч, гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон ам.долларын ханш өдөр ирэх тусам нэмэгдэх болсон. Ард түмний амьдрал дордож, төгрөгийн худалдан авах чадвар ч сулраад байв. Энэ үед сөрөг хүчин болон ард иргэд, эдийн засагчдын зүгээс эдийн засаг хямарч эхэллээ хэмээн сануулж байсан. Гэвч Засгийн газар болон эрх баригчид эдийн засаг хэвийн байгаа, та нар харлуулж байна хэмээн “үл тоож” байсан юм.

Тэгвэл тэдний үнийн өсөлтийг мэдрэхгүй байсан гол шалтгаан нь төсвөөс гадуурх дансаар тансаглаж байсантай холбоотой юм биш үү. Сангийн яамны Төрийн сангийн газрын зөвшөөрөлгүйгээр 16 төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцын 53 байгууллага арилжааны банкуудад нийт 106 харилцах данс нээж, 4435.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн нь Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын шалгалтаар тогтоогдсон байна. Үүнээс 34 дансыг 2013 оны эхний таван сард хааж, 74 дансыг нь хаагаагүй  байгаа юм.

Зөвшөөрөлгүй  харилцах данс нээсэн үйлдэл нь  Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11-д Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “банкинд данс нээх зөвшөөрлийг төсвийн байгууллагад олгох, 35 дугаар зүйлийн 35.3-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсвийн хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж байна. Тэгэхээр зөвшөөрөлгүйгээр банкинд данс нээлгэсэн төсвийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийн заалт Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд тусган баталжээ.

Тодруулбал  70.4.7.-д энэ хуулийн 35.3-т заасан журмыг зөрчин, зөвшөөрөлгүйгээр банкинд данс нээлгэсэн төсвийн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор заасан байна.

Иймд эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн “тэнсэн” авч, энэ ажлын хүрээн тодорхой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах замаар өөрсдөдөө ашигтайгаар эргүүлээд байгаа, ажлын хэсэг нээж бөөн сүр дуулиан үзүүлээд байгаагийн цаана ямар юу нуугдаж байгааг сайтар хянах шаардлагатай юм. Мөн дээрх дансны эздэд нэн даруй хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бол шинэчлэлийн Засгийн газрын “шинэ аргаар шамшигдуулах” технологи нь олон нийтийг гайхашруулах боллоо.

Ингээд Төрийн сангийн газрын зөвшөөрөлгүй нээсэн 74 дансны жагсаалтыг хүргэж байна.

Н.Чинзориг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш