logo
Та нойргүйтэж байна уу?

Та нойргүйтэж байна уу?

2011/09/16
Ойрд бөх нойрсож чадахгүй байна уу? Орондоо эрт орсон ч эргэж хөрвөөгөөд, тохьтой унтаж чадахгүй байна уу. Тийм бол танд доорх муу зуршлуудаас байгаа эсэхийг шалгаарай.

Шөнөдөө шар шувуу, өглөөдөө болжмор болох
"Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно" гэсэн ардын маань үг бий. Гэвч энэ үгийг бүсгүйчүүд бодит амьдралдаа мөрдлөг болгох гэж туйлшраад гоо үзэсгэлэн, эрүүл мэндээрээ хохирохоос цаашгүй шүү. Эмэгтэй хүн өдөрт наад зах нь 8-10 цаг унтаж байж маргаашийнхаа энерги, эрч хүчийг бүх эд эсэндээ нөхөж авдаг. Сэтгэлзүйчид хүмүүсийг ажиллах, амрах цагийн хуваариас нь шалтгаалан "шөнийн шар шувуу", "эртэч болжмор" хэмээн ангилдаг. Хэдий уншигч танд ажлын ааг амтагдсан ч энэ хоёр "жигүүртэн"-ий шинжийг хоёуланг нь зэрэг агуулах гэж өөрийгөө ядаргаанд бүү оруулаарай.

Унтахын өмнө орондоо заавал ном унших

Энэ бол өнөөгийн эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд түгээмэл дэлгэрсэн зуршил билээ. Энэ нь алсдаа таны бие махбодийг номын хэдэн бүлэг дуусгахаас нааш унтаж чаддаггүй зуршилд сургах муу талтай. Тиймээс орой унтахын өмнө өөрийн нойрыг хүргэх төдийд л уншиж суугаарай. Үгүй бол "шөнийн 11 цаг бол уншлагын цаг юм" гэсэн тохиргоо таны биед суурилчихна.

Шөнийн цагаар интернэтээр хэсэх
Компьютерийн тань дэлгэцийн гэрэл унтахад бэлтгэгдээд байсан тархийг тань бүүр сэргээж орхидог. Ялангуяа сүүлийн үеийн охид бүсгүйчүүд маань нэг интернэтэд урт хугацаагаар суудаг болж. Гэвч оройн 7 цагаас хойш хоол идэлгүй дэглэм барьдаг шигээ, шөнө электрон ертөнцөөс өөрийгөө тусгаарлах тархиа амраах нь чухал.

Орныхоо дэргэд тод гэрэлтэй сэрүүлэг байрлуулах
Тод гэрэл таныг харанхуйд унтахаар нүдээ аньсан ч зовхинд нөлөөлж, унтуулдаггүй талтай. Тиймээс унтлагынхаа өрөөг аль болох харанхуй, тайван, элдэв хурц өнгөгүй, намуухан байлгаарай. Харин бүдэг ногоон фосфор хүний тархийг улам амрааж, нойр хүргэдэг гэнэ шүү.

Унтахын тулд хэтэрхий хичээ
"Би унтмаар байна. Унтаад өг л дөө" гэсэн бодлоор дүүрэн орондоо орсон хүн хэзээ ч хэвтсэн даруйдаа гүн нойронд автана гэж үгүй. Мөн унтахынхаа өмнө амьдралын хүнд хэцүү асуудлыг тунгаан боддог зуршлаа хаягтун. Шөнийн цагаар хүний тархи унтахад зориулагдсан байдаг учир аливаа асуудалд зөв гарцыг олоход тийм ч тохиромжтой цаг биш юм. Тиймээс бүгдийг мартаад, оюун санаагаа цэвэрлэвэл өглөө нь жаргалтай нь аргагүй сэрэх болно гэдгийг санаарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш