Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах байгууламж хүрэлцээ муутайгаас үүдэж бороо орсны дараа автозам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийн тав тухыг алдагдуулдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тогтсон усыг нэг тонн, арван тонны багтаамж бүхий тусгай зориулалтын гурван машинаар тухай бүр соруулж, зайлуулах ажлыг хийдэг. Сүүлийн өдрүүдэд тус газрыг бохир усаа Туул гол руу асгаж байгаа тухай ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон сошиал медиа сүлжээнд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Бодит байдалд энэ нь хүмүүсийн ойлгож байгаа шиг ахуйн бохир биш бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай болон автозам дээр тогтсон борооны ус юм. Улаанбаатар хот нь ариутгах татуургын салангад системтэй төлөвлөгдсөн бөгөөд автозамын ус зайлуулах шугам, далан сувгууд нь шууд гол руу нийлж, борооны усаа хаядаг онцлогтой. Тиймээс цаашид ус соруулдаг тусгай зориулалтын машинуудад “Борооны ус” таних тэмдэг тавих ажлыг эхлүүлж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.