Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "Шүлхий өвчинтэй тэмцэх стратеги", "Шүлхий өвчинтэй тэмцэх бэлэн байдлын үндэсний төлөвлөгөө", "Шүлхий өвчинтэй тэмцэх заавар"-ыг хэлэлцээд, эдгээр баримт бичгийг эцэслэн баталж мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийг 3 бүс болгож, бүс тус бүрт ялгаатай үйл ажиллагааг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. "Вакцин хэрэглэдэггүй шүлхийгээр тайван бүс"-ийн статусыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас авч, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэхэд чиглэсэн арга хэмжээг эн түрүүнд баруун бүсэд, цаашид төвийн бүсэд хэрэгжүүлнэ. Харин зүүн бүсэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэх эрсдлийг бууруулж, хяналтад авах замаар дотоод худалдааг дэмжихээр болов.