logo
Тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2014/07/05

Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд "Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай" тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ нь улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлынцогц болох ногоон хөгжлийн бодлоготой уялдсанбодлогын баримт бичиг юм.

Ойн нөөц баялаг ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажлыг БОНХЯ, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг ҮХААЯ, ойн холбогдолтой хууль, тогтоомж, стандартыг сахиулах асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ой хээрийн түймэртэй тэмцэх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар тус тус хариуцдаг. Үүний зэрэгцээ аймгуудын Байгаль орчны газруудын дэргэд ойн асуудал эрхэлсэн 5 алба, сумын болон сум дундын ойн анги 36 ажиллаж байна. Эдгээр нэгжийг удирдлага, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байлгах, ойн санг нэмэх, ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэл хөгжүүлэхэд энэ бодлого чиглэнэ.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр дүнгээр эрх зүйн орчин шинэчлэгдэж, үндэсний чадавхи бүрдсэн ч үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн найдвартай эх үүсвэр бий болгож чадаагүйгээс гүйцэтгэлийн ажил үр дүн багатай байна. 2000-2010 он хүртэлх 10 жилийн хугацаанд Ойн тухай хөтөлбөрийн хүрээнд 72 чиглэлийн ажлыг 80 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн бол "Ногоон хэрэм" хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу 2005-2015 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 13 хувь, таримал ойн амьдралт туйлын хангалтгүй байна.

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд 2020 он хүртэл 220 тэрбум, 2030 он хүртэл 880 гаруй  тэрбум төгрөг шаардагдах ба үүнийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, донор орнуудын хандив, хувийн хэвшлийн хөрөнгө зээлээс гаргахаар тооцож байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш