logo
Тэмээн сүүл буюу Олгой хорхойн тухай товчхон өгүүлэхүй...

Тэмээн сүүл буюу Олгой хорхойн тухай товчхон өгүүлэхүй...

2011/09/16

Говийнхны дунд нэгэн домог яригддаг. Тэр нь Олгой хорхойн домог. Энэ хорхой элсэн доогуур гүрвэлзэн явдаг бөгөөд  түүнд уурганы үзүүрээр хүрэхэд л уургаар дамжин хүний гар цаашлаад бүх биеэр нь хор гүйж ногоороод амь насанд хүрдэг аюултай хорхойн тухай юм. Гэвч эрдэмтэн, судлаачид уг амьтныг хайсаар 100 гаруй жил болсон ч өдгөө нэгийг ч олоогүй байна.  Харин 1920-иод оны эхээр Оросын эрдэмтэн Ефримов "Олгой хорхой" гэдэг зөгнөлт зохиол л бичиж байжээ.  Тэгэхээр Монголын говьд энэ айхтар хорхой байхгүй юм байна гэж ойлгож болох талтай. Гэвч говийнхон Олгой хорхойн домгоо ярьсаар, итгэсээр  бүр "энэ байна" гэж заадаг гэнэ. Галбын говиор нутаглаж буй хүмүүсээс "Танай энд Олгой хорхой байна уу" гэхэд  тэд "Байна аа. Манай  ботгоны зэлний цаад хонхорхойд байгаа" гээд зааж өгдөг. Очоод үзэхээр тэмээн сүүл хэмээх могой байж байдаг" гэж хорь гаруй жил сээр нуруутан амьтан судалж буй профессор Х.Тэрбиш  ярьсан юм.  Тэгэхээр говийнхны ярьдаг  тэр Олгой хорхой нь орчин цагийн Тэмээн сүүл могой байж болох талтай ажээ.  Үнэндээ энэ могой нь хоргүй ч домогт өгүүлсэнчлэн элсэн доогуур гүрвэлзэж явдаг юм байна. Монголчуудын байгалиа хамгаалах, үр хүүхдээ амьтантай зүй бусаар харьцахаас  сэргийлэх үүднээс хоргүй амьтан  байсан ч хортой мэт ойлгуулдаг. Магадгүй энэ захиас хоёр гурван үе дамжсаны дараагаар угаасаа хортой мэт ойлголт үүссэн байж болохыг үгүйсгэх аргагүй юм.Олгой хорхой буюу Тэмээн сүүл  нь  бусад могойноос гаднах төрхөөрөө ялгарах онцлогтой. Яг л  олгой шиг  толгой, сүүл нь мухар байдаг аж. Нутгийн иргэд харагдах төрхөөс нь Тэмээн сүүл гэж нэрлэснийг  шинжлэх ухаанд  авч хэрэглэжээ. 

Улаан номд орсон могой
Тэмээн сүүл могой нь Монгол орны говийн бүс нутаг буюу  Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь мөн Алтайн цаад говиор ч  амьдардаг.  Аварга могойн бүлэгт багтдаг ч тийм ч том биетэй биш. Биеийн урт нь дунджаар  70-80 см. Энэ могой харьцангуй бага судлагдсан ховорт тооцогдох учраас Монгол Улсын байгаль хамгааллын "Улаан ном"-д оржээ. Элс ихтэй газар идээшиж нутагшдаг энэ амьтан их сонин хувь заяатай  юм билээ. Юу вэ гэвэл идээшиж дассан газрынхаа элсэнд түлэгдээд үхэх муу заяанд тэд төржээ. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Зуны ид халуунд говьд газрын хөрс 60 хэм хүрч халах тохиолдол бий. Ийм үед Тэмээн сүүл могой нь  бутны сүүдэрт орох эсвэл аргал, модон дээр гарч халуун элснээс амиа хамгаална. Зарим үед элсэн доогуур гүрвэлзэн явна.    Хэвлийгээрээ гулсаж явдаг амьтан хэт  халуунд гэдэс нь түлэгдэж үхэх тохиолдол элбэг гэнэ лээ. Тийм болохоор  зуны ид халуунд  өдрийн цагаар бараг л үзэгдэхгүй. Нарны илч буурсан үед өглөө, оройны  сэрүүнд хөдөлгөөн нь идэвхжиж хоол тэжээлээ олж иддэг байна. Харин хавар, намрын улиралд  өдрийн турш идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг гэнэ.

34 Зулзага гаргаж байжээ

Энэ могой хооллохдоо янз бүрийн мэрэгч амьтнаар хооллоно. Хулгана, чичүүл,  зусаг гэх мэт мэрэгч амьтдаас гадна шувууны ангаахай,  дэгдээхэйгээр ч хооллодог байна. Хооллох амьтнаа бүх биеэрээ  ороож   амьсгалыг нь боогдуулсны дараа залгидаг. Ямар ч хоолыг бүхлээр нь залгичихдаг  түүнд   шүд байдаг ч тэр нь гэдэс рүү  орсон хоолыг буцааж гаргуулчихгүй  байх л  үүрэг гүйцэтгэдэг гэсэн. Тэмээн сүүл нь есдүгээр сарын сүүлчээр ичээндээ орно. Ичихдээ  нүхэнд, ургамлын үндэс, хадны хонгил хөндий, орон байрны хонгил гээд дулаан ая тухтай газрыг сонгодог. Ичээний үедээ  амьсгалынх нь тоо нь  цөөрч, цусны эргэлт  удааширч бараг л хөдөлгөөнгүй болдог байна. Харин дөрөвдүгээр сарын дунд үеэс ичээнээс гарч улмаар тавдугаар сарын эхээр  үржилд ордог. Үржилд орсноос хойш сар гаруй хугацааны дараа буюу зургадугаар сарын дундуур 7-9 зулзага гаргана. Мөлхөгчдийн зарим нь өндөг төрүүлдэг ч Тэмээн сүүл могойны хувьд  зулзага гаргадаг.  Могойн зулзага сүүн тэжээлт амьтны үр төл шиг нялзрай, энхрий биш эхээс төрөнгүүтээ л хоол тэжээлээ олж идэхээр тэмцэлдэнэ. Эх могой зулзагаа төрүүлэх л үүрэгтэйгээс өсгөх үүрэггүй. 1982 онд манай эрдэмтэд хээрээс  хээлтэй эмэгчин могой барьж тусгай саванд байлган төрүүлэхэд 14-17 см урттай есөн зулзага гаргаж байжээ. Харин  Дундад Азид нэг эмэгчин 34  амьд зулзага төрүүлж байсныг судлаачид тэмдэглэн үлдээжээ.

Могойн чуулган
Могойн чуулганы тухай олон үлгэр домог байдаг.  Ер нь бол  олон могой нэг дор  цуглахыг могойн чуулган гэдэг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай  орны нөхцөлд жилдээ хоёр удаа могойн  чуулган болдог байна.  Намар есдүгээр сар гарч цаг уур  сэрүүсээд ирэхээр энд тэнд тархан амьдарч байсан могойнууд дулаан газар хайж явсаар өвөлжөө бууц, хад чулууны ёроол, рашаан усны газар  олноороо цуглардаг. Өөрт таатай орчин нөхцөл хайж ирсэн учраас нэгэн зэрэг алга болчихдоггүй нэг хэсэгтээ л тухайн газраа бөөгнөрч хавар ичээнээс гарахдаа мөн аажим аажмаар тархаж явдаг. Үүнийг хавар, намрын чуулган гэдэг байна. Үүнээс гадна монголчууд могойг хүйтэн цустай амьтан гэж жийрхдэг. Бас  лусын эзэн ч гэж хүндэтгэдэг. Энэ талаар Х.Тэрбиш профессор ярихдаа "Могой гадна төрхөөсөө эхлээд хүмүүст  таатай сэтгэгдэл төрүүлдэггүй амьтан. Бас зарим зүйлийн могой хортой  учраас цэрвэж жийрхэх гол шалтгаан болдог байх. Гэвч  монголчууд могойг лусын амьтан. Газар усны эзэн гэж хүндэтгэдэг.  Энэ утгаараа могойтой холбоотой янз бүрийн зан үйл ч байдаг. Хэрвээ гэрт могой орж ирвэл түүнийг алдаггүй, мод, галын хайчаар хавчаад гэрээсээ хол аваачаад толгой дээр нь сүү дусаагаад явуулдаг. Энэ нь лусын эзэн манай гэрт заларлаа гэж  үзээд хүндэтгэлтэйгээр үдэж өгч байгаа хэрэг.  Бас рашаан усанд орж байгаа хүмүүс могойтой таарах тохиолдол цөөнгүй. Могой чийглэг зөөлөн, дулаан уур амьсгалтай ийм газар цуглах дуртай. Халуун рашаанд орж байхад нь  могой гарч ирээд биен дээгүүр явахаар хүмүүс их бэлгэшээдэг" гэж байлаа.

Д.Цогзолмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш