logo
Вүүпи Голдберг: Гэр бүл гэх ойлголт надад зориулагдаагүй

Вүүпи Голдберг: Гэр бүл гэх ойлголт надад зориулагдаагүй

2011/09/16

Вүүпи Голдбергийн тоглосон анхны бүрэн хэмжээний кино нь Стивен Спилбергийн "Нил ягаан өнгө". 30 настай байсан тэрбээр анхны киногоороо "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсон нь хэр сайн жүжигчин гэдгийг нь илтгэнэ. Үүнээс таван жилийн дараа "Сүнс" кинонд хоёр дахь гол дүрээ бүтээсэн нь мөн л "Алтан бөмбөрцөг", "Оскар" дагуулсан юм. Тэрбээр "Грэмми", "Эмми"-г хүртэж, Холливудын алдрын танхимд заларсан. Вүүпи 2007 оноос "The view" өглөөний шоуг хөтөлсөн нь Америкийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болсон гэдэг.

-Танд өөрөөсөө ичиж байсан тохиолдол бий юү?

-Би бие, царай зүсээрээ бахархдаг. Ичмээр үйлдэл ч хийж байгаагүй.

-Ичгэвтэр байдалд орж үзээгүй хүн байдаг гэж үү?

-Хувийн талаас уу, эсвэл олон нийтийн өмнө үү?

-Вүүпи Голдбергийн тухай бидний мэдэхгүй зүйлийг яриач.

-Өрөөнд маань болсон зүйлийг босго давуулмааргүй байна.

-Та өнгөрсөндөө харамсдаг хүн биш шиг санагддаг. Гэсэн ч хийсэн үйлдэлдээ ихээр харамссан удаа бий юү?

-Ганцхан тохиолдол бий. "Бродвей" театрын домогт од Сэмми Дэвисийн төрсөн өдрийн баярын урилга ирсэн ч очоогүйдээ би одоо болтол харамсдаг.

-Яагаад?

-Тэр үед би залуу, тэнэг байж. Сэмми 64 насны төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн дараа нас барсан.

-"Дөч хүрээд чи олон хүнийг алдах болно. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсад чинь нэг, нэгээрээ одох болно" гэж эмээ маань хэлдэг байсан.

-Тэр ч үнэн шүү. Та ингэхэд хэдэн настай вэ?

-46.

-Би 55 настай. Миний үеийн хэн залуугаасаа үхлийг мэдэрсэн. Учир нь 1980-аад оны үед ДОХ-ын тархалт их, мэдээлэл бага байлаа. Магадг үй энэ нь олон хүнийг тэвчээртэй болгож, хатуужуулсан байх. Эргэн тойрныхон, дуучин, бүжигчин, кино од, жаахан хүүхдүүд хүртэл энэ өвчнөөс болж явсан. Харин өнөөдөр хүмүүс илүү урт насалдаг болжээ. ХДХВ-тэй хүмүүс ч 20 жилийн өмнөхийг бодвол урт удаан хугацаанд амьдардаг болсон нь сайхан хэрэг.

-Та үхлийг өөртөө ойрхон байгаагаар мэдэрч байсан уу?

-Ямар ч тохиолдолд онгоцонд суудаггүйг минь та мэдэх байх.

-Агаарт байх нь муухай дурсамжийг тань сэдрээдэг үү?

-Гучин жилийн өмнө намайг Сан-Диегод амьдарч байхад онгоцны том осол боллоо. Тэгэхэд би өндөр барилгын дээд давхарт байсан учраас бүхнийг нүдээрээ харсан. Үүнээс хойш онгоц харах бүрт тэр осол санагддаг болсон юм. Онгоцоор зорчсоноос хэдэн өдөр ч хамаагүй автобус, галт тэрэг, эсвэл машинд сэгсчүүлж явсан нь дээр. Европ эсвэл Ази руу явахдаа аргагүйн эрхэнд онгоцонд суудаг. Хэрвээ сэтгэлзүйч, дасгалжуулагчгүй бол тийшээ орохгүй шүү дээ.

-Онгоцноос өөр айдаг зүйл байгаа юу?

-Би үргэлж "нүцгэн" хоолыг илүүд үздэг. Гадуураа бүрхүүлтэй, дотроо ямар нэг зүйл агуулсан хоол иддэггүй гэсэн үг. Жишээлбэл, цөцгийтэй эрдэнэ шиш, ямар найрлагатай нь үл мэдэгдэх сүмс байна. Тиймэрхүү хоол баталгааг үй юм шиг санагддаг. Гэхдээ би хоол голж шилдэггүй. Сүү бас ногоон өнгөтэй л биш бол юуг ч идчихнэ.

-Та сүү, бууцайны харшилтай юм уу?

-Тийм ээ. Үнээ сааж, сүү боловсруулдаг, ногоо тарьдаг бүх хүнийг би хүндэлнэ. Учир нь энэ бол хэцүү ажил. Би зүгээр л тэдгээрийг идэж чаддаггүй юм.

-Тэгэхээр танд идэх юм үлдэж байна уу?

-Би шарсан төмсөнд нугасгүй. Махнаас хэзээ ч буцахгүй.

-Цөцгийтэй эрдэнэ шишээс хайр сэтгэл рүү орох гээд үзье. Та гурван удаа гэрлэсэн байх аа?

-Тийм ээ. Эхнийх нь зургаан сар, хоёр дахь нь хоёр жил, гурав дахь нь нэг жил үргэлжилсэн. Гэрлэлт бол асар том үүрэг, хариуцлага. Харин би хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээдэг хүн биш.

-Та тэдэнд хайртай байсан уу?

-Би тэр гурвын хэнд нь ч хайртай байгаагүй. Хэлэхэд ч, сонсоход ч хачин байж магадгүй. Гэхдээ үнэн нь л энэ.

-Хайргүй байж яагаад хуримласан юм бэ?

-Намайг бага байхаас хүмүүс хачин, этгээд гэж нэрлэдэг байсан нь таагүй санагдсан. Хэрвээ хэн нэгэнтэй гэрлэвэл эгэл жирийн болно гэж бодсон юм. Харамсалтай нь энэ гэрлэх сайн шалтгаан байгаагүй. Би бусад хүн шиг амьдрахыг хүссэн. Гэвч хурим, гэр бүл, эхнэр нөхөр гэх ойлголт надад зориулагдаагүй юм билээ.

-Тэгвэл хүнд жинхэнээсээ дурлаж байв уу?

-Нэг л удаа.

-Жаахан цаашаа явах уу?

-Тэр эрэгтэй хүн байсан.

-Тэгээд..?

-Би хангалттай хол явлаа.

-Бид тэр хүнийг таних уу?

-Үгүй гэж бодож байна. Энэ л миний хайрыг улам нандин болгож байгаа юм. Тэр одоо хоёр сайхан хүүхэд, гайхамшигтай эхнэртэй болсон.

-Та түүнтэй гэрлэхийг хүсдэг байсан уу?

-Хэн нэгэнтэй амьдрах нь нэг л болж өгдөггүй юм.

-Та буруу залуустай учирсан болохоор тэгж бодож байгаа юм.

-Бусдын хувьд тэд сайн залуу байсан. Бүх асуудал надад л бий. Би хэнд ч, юу ч тайлбарлахгүйгээр хүссэн цагтаа хаашаа ч хамаагүй явах, гэртээ үдэшлэг хийх, найзуудаа авчрах дуртай. Хэн нэгнийг хайрлаж, хайрлуулах нь романтик сонсогддог ч үнэн хэрэгтээ тийм биш.

-Та одоо ч хэн нэгэнтэй болзсоор байгаа юу?

-Гадуур зугаалж, шөнийн цэнгээний газарт орохоос гэртээ суугаад зурагтаа асаахыг илүүд үздэг. Угаасаа ч тийм байсан. Надад дотнын сайн найзууд бий. Тэдний олонх нь гэр бүлтэй, зарим нь ганц бие.

-Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хамгийн ихээр дэмжэгчдийн нэг нь та. Ерөнхийлөгч Барак Обама энэ асуудлыг бараг хөнддөггүйд та дургүй байдаг уу?

-Тун цөөхөн Ерөнхийлөгч өөрчлөлт хийж чадсан. Обама тэдний нэг биш болов уу. Манай улс "Бүү асуу, бүү хэл" урианаас татгалзаж байгаа. Ерөнхийлөгч үүнийг зарласан ч зүрхэндээ ойр хүлээж аваагүй. Ер нь тэр мөнгө үрэхээс өөр юу хийсэн юм бэ.

-Та улстөрчдөд маш шүүмжлэлтэй ханддаг. Харин оддыг тийм ч муулдагг үй байх аа?

-Та яагаад намайг ийм байдалд оруулаад байгаа юм бэ, Пирс. Би асуусан бүхэнд тань хариулж байна.

-Мил Гибсоныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хачин авирлаж, хэлэх ёсгүй зүйл хэлдэг гэж та хэлсэн байх аа?

-Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн юу ч бодох чадваргүйг бүгдээрээ л мэднэ. Тэгэхээр энэ нь тэгтэл дэвэргэх асуудал биш байх. Би ч нэг удаа Милтэй адил байдалд орсон. Тэрнээс хойш олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэхээ больсон. Хэдэн жилийн өмнө гэр бол цайз байлаа. Харин одоо гэртээ үдэшлэг хийхэд хаанаас гараад ирсэн нь үл мэдэг дэх хэвлэлийнхнээр дүүрчих нэ. Амар тайван байх боломж хаана ч байхгүй юм даа.

-"The view"-ийн хамгийн сайн хөтлөгчөөр "Nextweek" сэтгүүл таныг нэрлэсэн. Өмнөх хөтлөгч Опра Уинфри, Чарли Шийн нараас таныг илүү үнэлсэн байна билээ.

-Энэ бол үзэгчдийн сонголт. Надад найзуудаа шүүх, цэгнэх эрх байхгүй.

-Америкчуудын өглөөг гэгээлэг, өөдрөг эхлүүлдэг учраас таныг хүмүүс "Америкийн дуу хоолой" гэж нэрлэсэн юм билээ. Уг шоу таныг хэрхэн өөрчилсөн бэ?

-Би өдөр бүр зурагтаар гардаг хүн болно гэж зүүдэлж ч байгаагүй. Энэхүү шоу гэнэтийн явдал байсан. Зугаатай, сайхан ажлын зэрэгцээ том туршлага болсон. "Америкийн дуу хоолой"-н тухайд надад арай хүнддэх байлгүй дээ.

-Олны танил байхын муу нь юу вэ?

-Хүмүүс чамайг хувь хүн гэдэг үүднээс хүлээж авахгүй байх тохиолдол олон. Тэд оддыг хүүхдийнхээ шүтээн л гэж боддог. Тиймээс чамайг ямар нэг муу зүйл хийж болохгүй гэж үзнэ. Гэтэл кино од, дуучин, нэвтрүүлэгч ч гэсэн хүн. Бид юу хүссэнээ хийдэгтэй адил алдах ч эрхтэй. Харин үүнийг нь хүмүүс өлгөн авч, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүллээ, ёс суртахуунгүй гээд л шүүж гарна. Хүн хэн байхыг хүсдэг вэ тийм л байдаг.

-Хийх хамгийн дуртай зүйл тань юу вэ?

-Надад мянга мянган гайхамшигтай ном, муур, тамхи, ус, шарсан төмс өгчих. Өөр зүйл хэрэггүй.

-Та хамгийн сүүлд "Диваажингийн хэсэг" кинонд бурх ны дүр бүтээсэн. Таны хувьд диваажин гэж юу вэ?

-Тантай хамт ингээд сууж байгаа нь диваажингийн нэг хэсэг. Хайртай хүмүүстэйгээ хамт байх нь ч мөн нэг төрлийн диваажин. Тэнгэрт ди ваажин байдаг эсэхийг би хэлж мэдэхгүй. Харин хүн өөрөө хичээвэл газрын амьд ралаа диваажин болгож болохыг мэдэж байна.

-Та бүрхэг өдөрт дуртай юу?

-Би тийм гутранги хүн биш ээ. Цаг агаар сайхан, нарлаг өдрийг илүүд үздэг.

-"Гэлэнмаа" кинонд та католик шашинтны дүрд тоглодог. Би католик шашинтай л даа.

-Би анзаарсан.

-Шашингүй үзэлтэн гэдгийг тань би мэднэ. Та хэдэн хором өөрийгөө католик шашинтан болсноор төсөөлж нүглээ наманчлах гээд оролдвол ямар вэ?

-Та галзуураагүй биз, Пирс. Би дөнгөж өчигдөр төрсөн биш шүү дээ. Юу гэж хэдэн сая хүний өмнө тэгж байдаг юм.

-Та өөрийгөө яг одоо нүглээ наманчлах өрөөнд байна гээд төсөөлөөд үзээч.

-Хэрвээ тийм бол би "Эцэг минь та "Гэлэнмаа" гэдэг кино үзсэн үү. Үгүй бол би танд хоёр тасалбар өгье" гэж хэлэх байсан.

-Амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийг дурсаач

. -Охиноо төрүүлсэн өдөр. Мөн зээ нарын маань төрсөн өдөр бол амьдралын маань хамгийн гайхамшигтай мөч.

-"Оскар"-ын эзэн болсон нь мартагдашгүй мөчүүдийн нэг биз?

-Миний хамгийн том мөрөөдөл "Оскар" байсан. Бэтт Давис, Жүүди Холидэй нар бол миний бага насны шүтээн. Хүн хэн нэгнийг шүтэж, түүнтэй адил болохыг хичээх хэрэгтэй гэж боддог. "Өөдөө тэмүүлэх тусам өндөр болдог" гэдэг байх аа. Би тэдэн шиг сайн жүжигчин болохоор зүтгэсэн. Эцэст нь "Оскар" авч чадсан.


Б.ЭГШИГЛЭН
Эх сурвалж: Inet.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш