logo
Гадаадад дүрвэсэн монголчууд амиа хичээгч үү

Гадаадад дүрвэсэн монголчууд амиа хичээгч үү

2011/09/16
Монголчууд бидэнд ардчилсан хувьсгалаар олдсон хамгийн том эрх чөлөө бол аль хүссэн орон руугаа чөлөөтэй зорчих эрх юм. Энэ нь ч манай улсын эдийн засаг, соёл, боловсрол гээд олон салбарыг хөгжихөд нааштай үр дүн авчирсныг бид мэднэ. Хаалттай байсан барууны болон хөрөнгөтний гэгдэх улсуудад өнөөдөр Монголын 200 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс хамгийн их нь Солонгос улсад байдаг бөгөөд олонхи нь ажил амьдралаа дээшлүүлэх гэж тус улсыг зорьсон. Манай улсын эдийн засагт тэдний зүгээс оруулж буй мөнгө багагүй дэм болдог гэх юм билээ.

Өнөөдөр дэлхийн аль ч хөгжингүй оронд очсон монголчууд байх бөгөөд зарим улсын зүгээс Азийн цагаан гэх алдрыг ч хүртээд байгаа билээ. Гадаадад байгаа монголчуудын хувьд хамгийн хөгжингүй, аль болох амар хялбар аргаар мөнгө олж болох улс оронд очихыг чухалчилдаг. Үүгээр ч зогсохгүй Голланд, Австри гэх мэт улсад очсон нь цагаачлагч иргэн болон бүртгүүлж, тэдэнд олгодог тэтгэмж авахыг хичээдэг гэнэ. Үүнийгээ тэд “тэтгэвэрт гарах” гэж өхөөрдөн нэрлэдэг юм билээ. Улс орон хөгжихийн тулд хүн бүрийн оролцоог чухалчлах цаг үе бол энэ л шилжилтийн үе. Энэ үед монгол хүн бүр эх орныхоо төлөө биш гэхэд өөрсдийнхөө төлөө эх орондоо хөдөлмөрлөж хувь нэмрээ оруулбал Азийн бар болдоггүй юм гэхэд “бамбар”-ын дайтай болох боломж бий. Гэвч манай улсад ажил хөдөлмөр эрхлэх таатай нөхцөл бүрдээгүй байна, бүрдтэл нь гадаадад байж байгаад ирье гэх сэтгэлгээ сүүлийн үед давамгайлах болов.

Гадаадад байгаа монголчуудаас эх орон руугаа хэзээ буцаж очихыг нь асуувал “Тэнд юм юм нь л хэцүү байгаа гэх юм. Жаахан хөлжөөд хөл дээрээ зогсохоор нь л очно доо” гэх энүүхэнд. Нэг ёсондоо та нарыг хөгжүүлсний дараа бид бэлэн юман дээр чинь очъё гэсэн үг л дээ. Монгол Улс одоохондоо хэцүү байгаа нь үнэн. Хөгжихийн тулд “Хүн бүрийн хүчин зүтгэл” хэрэгтэй. Гэтэл эх орныхоо өмнө тулгарсан шилжилтийн үеийн бэрхшээлээс шантарч гадаадыг зорьсон атлаа араасаа бусдыг уриалан дуудах нь бас чиг багагүй хүндрэлийг бий болгоод байна. Ажил хэргээр гадаадыг зорих гэсэн нэгнийг эх орондоо заавал буцаж ирэх баталгааг нь авч байж виз дарж өгөх. Харгүйгээр хэлэхэд их том доромжлол юм даа. Энэ нь аль ч орныг ажил хэргээр зорих гэсэн бидэнд тулгардаг бэрхшээл. Ер нь монгол хүн эх орноосоо гадагш гарсан л бол эргэж ирэхгүй гэсэн хардлага Монголд байгаа бүх улс орны Элчин сайдын яамдын мөрдлөг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнээс болж эх орныхоо нэр төрийг унагасан гэж том ярьдаггүй юм аа гэхэд монгол хүний үнэ цэнийг дэлхий дахинаа үгүй болгож байгаа нь даанч харамсалтай. Уг нь монгол хүн хаашаа ч явсан эх орондоо ирдэг гэсэн омог бардам сэтгэлгээг бусдад бид өгч байж өөрсдийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна. Тэр цагт монгол хүнийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч үнэлэх болно. Аливаа улс орны хамгийн үнэт баялаг бол хүн байдаг. Хамгийн шударгаар татвараа төлдөг сэтгэлгээтэй ганц иргэн байсан ч бидэнд багадахгүй. Манай улс өнөөдөр нэг үеэ бодоход хөрөнгө мөнгөний бэрхшээлээс гарсан ч хүний нөөцийн бэрхшээлээс ангижирч чадахгүй байгаа. Хамгийн наад зах нь гэхэд Атрын III аяныг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бидэнд 1000 гаруй мэргэжилтэн хэрэгтэй байна.

Үнэхээр гадаадад хөдөлмөрлөөд олж байгаа мөнгөө энд газар тариалангаа хөгжүүлээд олох боломж ч байна. Тариагаа тариад дотоодынхоо зах зээлийг хангаад илүү гарснаа бусад улс орон руу экспортол. Энэ чөлөөтэй шүү дээ. Гэвч гадаадыг зорьж буй монгол хүнд энэ бүхнийг бий болгох зориг байхгүй. Бусдын бэлэн болгосон юман дээр нуруу хотойтол ажиллаад хэдэн ногоон авах нь тэдэнд хэрэгтэй. Тэдэнд ямар ч хариуцлага хүлээх, бүтээх сэтгэлгээ байхгүй. Зөвхөн тэдэнд ч биш ер нь монгол хүнд энэ сэтгэлгээ дутаад байна. Саяхан Солонгос улсад далай цэвэрлэхэд сайн дураараа явах хүмүүсийг бүртгэх зар гарсан. Үүнийг Солонгост ажиллах хүчин гаргах хэмээн эндүү ойлгосон иргэд хонон өнжин дугаарлав. Яг л эх орноосоо дүрвэгсэд шиг. Түүхнээ дэлхийн II дайны үед жүүдүүд Герман болон Европын бусад улс орноос гуравдагч улс руу гарах гэж дүрвэсэн нь хамгийн их хүн амын дүрвэх хөдөлгөөн болсон гэдэг юм билээ. Тэдний хувьд амь нас, ирээдүй хойчоо аврахын тулд зайлшгүй тулгарсан сонголт нь энэ байв. Харин бидний хувьд. Гадаадад буй монголчуудын зүгээс Монголын төр гадаадад буй иргэдээ харж хандахгүй байгаа талаар ихээхэн гомдол гаргадаг. Үнэндээ Монгол төрийн үнэт эрдэнэ гэдэг үүднээс нь тэдэнд хүндэтгэлтэй хандах нь зүй. Гэхдээ эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийг нь үнэлж үзвэл Монголдоо байгаа иргэн тэднээс ч илүүг төрөөсөө нэхэх эрхтэй. Гадаадад гараад 20 гаруй жил болсон монгол иргэдийн хүүхдүүд өнөөдөр эх орондоо эргэж ирээд ихийг бүтээнэ гэдэгт итгэхэд бэрх. Тэд Монгол орныхоо онцлог, ёс заншил, хэл соёл гээд олон юмнаас харь хол өссөн хүмүүс. Зарим нь бүр монгол хэлээрээ ч ярьж чадахгүй болсон байх нь энүүхэнд. Гадаадад байгаа иргэдээ Монголд авчрах, тэдний сурч мэдсэнийг ашиглан эх орноо хөгжүүлэх тухай зарим нэг нь санал гаргадаг. Гэтэл тэднийг авчрах орчинг бүрдүүллээ гэвэл манай улс бусад улсаас дутахгүй хөгжилтэй болсон байх биш үү. Тэр үед эдгээр хүмүүс ирээд биднээс илүүг хийнэ гэдэг юу л бол. Тиймээс бидэнд эх орондоо байгаа хэдэн монголоо зөв ашиглаж ажлын байр бий болгох, тэдний хүчинд тулгуурлан хөгжих л боломж байна.

Гадаадад байгаа монголчууд Монгол руу багагүй мөнгө гуйвуулж, улс орны хөгжилд дэм болж байгаа. Нэг талаар хүлээн зөвшөөрч болох ч тэдний явуулсан мөнгөний ихэнх нь улс орны хөгжилд бус хэн нэгнийг бэлэнчлэх сэтгэлгээнд автуулах хөрс болж байгааг ч үгүйсгэх аргагүй. Дэлхийн II дайны дараахь хүнд бэрх жилүүдэд Япон улсын хүн ам гадагш явах бус хүн бүр эх орондоо байх үүрэг хүлээж байсан гэдэг. Энэ жишээг Солонгос, Сингапур гээд Азийн бусад улс орны жишээнээс харж болно. Хүн амаа гадагш хэт олноор явуулснаар улс орон хөгждөггүй. Хүн бүрийн хөдөлмөрийг үнэлэх үнэлэмжийг бий болгож байж улс орон хөгждөг. Дэлхийн II дайны дараах зарим улс гадаадыг зорьсон иргэдээ хожим хүлээн авсан ч тэдгээр хүмүүсийг эх орноосоо урвагчид гэсэн сэтгэлгээг өнөөг хүртэл засч залруулж чадахгүй байгаа юм билээ. Орчин үед эх орноосоо урвагч гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэгт хариулт олоход бэрх л байх. Гэхдээ эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулаагүй хүнийг хожим эх оронч гэж хэлэхэд бэрхтэй. Удахгүй Улсын Их Хурлын сонгууль болно. Гэтэл улс эх орноо хөгжүүлэн төр барихаар УИХ-д нэр дэвшигч эрхмүүд маань хөдөө орон нутгаас ид хөдөлмөрийн насны залуучуудыг гадаадад илгээнэ хэмээн сурталчлах болов. Уг нь эх орноо хөгжүүлэхийн тулд бидэнд хүн амаа төвлөрүүлэх, нэгтгэх бодлого л чухал баймаар. Өдгөө барилга, газар тариалан гээд олон бүтээн байгуулалт хийхэд бидэнд хүнээс чухал, хэрэгтэй зүйл үгүй. Гэтэл хүнээ экспортолчихоод бүтээн байгуулалт хийнэ гэдэг яав ч төрийн эрүүл бодлого биш.

Үүнээс гадна монгол хүний үнэ цэн үгүй болсноос гэрлэлтийн насны олонхи охид нь гадаадын хүнтэй гэрлэхийг илүүд үзэх болов. Ингэснээр хүн амын бүтэц алдагдаж тусгаар тогтносон улсын гол тулгуур болох хүний нөөцийн чадамж сулрах болсон нь нууц биш. Ямартай ч энэ цаг үеийн бэрхшээл үгүй болсон хойно гадаадаас баахан монгол эх орондоо ирэх байх. Харин тэднийг эх орондоо байгсад хэрхэн угтах, юу гэж үнэлэх, хоорондын зөрчлийг хэрхэн зохицуулах талаар иргэдээ гадаад экспортолж буй төрийн түшээд бодох цаг болжээ.

Д.Лхагва-Очир
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш