1. Ихэнх арилжааны банкууд эхэлж байгаа бизнесийг санхүүжүүлдэггүй
Иймд өөрийн хөрөнгөөр бизнесээ эхэлсэн байхыг хичээх хэрэгтэй. Бизнес хийдгээ батлахын тулд орлого, зарлагаа тэмдэглэсэн дэвтэр хөтлөх хэрэгтэй. Энэ дэвтэр нь тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг батлах ба зээл авбал юунд зориулах гэж байгааг тань мэдэх боломжтой болгодог. Мөн зээл олговол эргэн төлөх орлоготой гэдгийг ч батлах болно. Энэ бол “хар дэвтрийн арга” юм. Харин Та бизнес хийдгээ банкаар нотлуулбал бүр сайн. Үүний тулд харилцах данс болон картандаа өдөр бүр орлого хийх хэрэгтэй. Тэр мөнгөнөөсөө зарлагын гүйлгээ хийж болно. Ингэснээр Та байнгын бизнестэй, орлоготой гэдгээ банкинд дансны хуулгаараа нотлох болно.
2. Эхэлж буй бизнест туслалцаа үзүүлэх
Төрийн болон төслийн байгууллагууд, Жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг төрийн байгууллагууд, мөн нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний төвүүдээс зөвлөгөө тусламж авч болно. Зарим аймаг, дүүргүүд дэргэдээ бизнесийн бойжуулах төв буюу инкубатор ажиллуулдаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг, МерсиКор, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Хөгжлийн шийдэл ТББ, Монгол-Японы төв зэрэг байгууллагууд зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд зээлийн баталгаа гаргах зэргээр үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн ХААН, Хас зэрэг арилжааны банкууд хөнгөлөлттэй нөхцөл бүхий бичил зээл олгох нь бий.
3. Орлого бүтээх зүйлд л зээл ав
Дэлхийн зөн олон улсын байгууллагын бичил зээлийн газраас үсчин эмэгтэй зээл авсан бодит жишээ байдаг. Тэр үсчин өдөрт 50-80 мянган төгрөгийн орлоготой хирнээ угаалгын машин авах зорилгоор зээл авах хүсэлт гаргажээ. Зээлдүүлэгч “өдрийн орлогоо хадгалж байгаад угаалгын машин авах боломж байгаа юм биш үү” гэж сонирхоход “Би их үрэлгэн хүн байгаа юм. Олсон орлогоо хэрэгтэй хэрэггүй юм авах, эргүүлж өгдөггүй хүнд зээлүүлэх, ах дүү, найз нөхөддөө тав гурван төгрөг өгөх зэргээр үрчихдэг. Мөнгөө зорилготой хэрэглэхийн тулд зээлээр угаалгын машин авъя. Тэгвэл зээлээ төлөх гээд элдвийн зүйлд үрэхгүй гэж бодож байна” гэсэн байдаг. Үсчин эмэгтэй зээлээр худалдан авсан угаалгын машинаар үс засахдаа хэрэглэдэг гар нүүрийг алчуур зэргээ угааж үйл ажиллагаагаа хөнгөвчлөн, чанаржуулж тэгснээрээ илүү их орлого олох боломж бий болгосон байна. Дээрх жишээ нь зээлийг орлого бүтээх зориулалтаар авах хэрэгтэйг харуулж байна.
4. Зээлийн үр ашгийн тооцоог заавал хий
Үүний тулд Бизнес төлөвлөгөөгөө сайн хийсэн байх ёстой. Төлөвлөгөөнд:
- Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр
- Үйлдвэрлэх хэмжээ
- Худалдах үнэ
- Гарах зардал
- Тогтмол зардал
- Хувьсах зардал
- Олох орлого
- Цэвэр орлого зэргээ тодорхой хугацаагаар төлөвлөж оруулах нь зүйтэй. Бизнес төлөвлөгөө нь бодитой, зээлээ төлөөд ашигтай ажиллах боломжийг итгэл үнэмшилтэй тусгасан байвал банк зээл олгохдоо харгалзан үзэх чухал нөхцлийн нэг болно.
5. Барьцаа, батлан даалт зэрэг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргаа сонгох нь чухал
Бизнес бүхэн эрсдэлтэй байдаг учраас зээлдүүлэгч хөрөнгийн барьцаа шаарддаг. Зээлдэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг борлуулж орлогоос нь төлөгдөөгүй зээл, түүний хүү зэрэг уг гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг. Зээлээ төлж дууссан үед барьцааг чөлөөлнө. Барьцаалах хөрөнгийг үнэлүүлсэн байх ёстой. Уг үнэлгээний тодорхой хувиар олгох зээлийн хэмжээг тогтоодог.
Энэ хувийг барьцаа хөрөнгийг борлуулах боломж буюу эдийн засгийн хэлээр хөрвөх чадварыг харгалзан тогтоодог. Тухайлбал, машин барьцаалан зээл авахад ихэнх банк төвөггүй зарагдаж болох үнийх нь 50 хувьтай тэнцэх зээл олгодог. Зах зээл дээр 6 сая төгрөгийн үнэтэй машины төвөггүй зарагдах үнэ нь 5 сая төгрөг гэвэл уг машиныг барьцаалж 2.5 сая төгрөг зээлж болно. Зээл эргэн төлөгдөх боломжгүй боллоо гэж үзвэл машиныг борлуулж, уг орлогоос зээлийг хүүгийн хамт төлүүлнэ. Шаардлага хангасан алтан гулдмай барьцаалбал үнийн дүнгийн 95 хувьд нь зээл олгодог. Учир нь энэ нь маш хурдан борлогдож мөнгө болон хөрвөх чадвартай.
Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгийн үнийн хэдэн хувьтай тэнцэх хэмжээний зээл олгох вэ гэдэг нь тухайн хөрөнгийн борлогдох чадвараас хамаардаг. Хөдөө орон нутагт зээлийн барьцаанд мал авдаг. Мал нь нэг талаас хөдөлмөрийн хэрэгсэл, нөгөө талаас хэрэглээний зүйл учир эрсдэл өндөртэй хөрөнгө гэж үзэж зах зээлийн үнийн багахан хувьд зээл олгодог. Зээл авах гэсэн чинь заавал барьцаа шаардаад байна. Тэр нь байхгүй болохоор зээл олдохгүй юм. Зээл болгон эрсдэлтэй байдаг. Иймд банк зээлийн эрсдлээс сэргийлж таниас заавал барьцаанд хөрөнгө тавихыг шаарддаг. Та малаа барьцаалж зээл авч болно шүү дээ. Зээлдэгч үүргээ биелүүлж чадахгүй бол түүний хүлээх үүргийг бүрэн буюу хэсэгчлэн хариуцна гэж гуравдагч этгээд банкны өмнө батлан даалт гаргадаг. Зээлдэгч үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд батлан даагч түүний хүлээх үүргийг банкны өмнө хариуцах ба энэ тухай баримтыг банк түүнд олгоно. Үүний дараа батлан даагч нь тэрхүү баримтыг үндэслэн гүйцэтгэсэн үүргийнхээ хэмжээгээр зээлдэгчээс шаардах эрхтэй байдаг.
6. Зээлийн эргэн төлөлтөө анхаарах
Зээл авахын тулд зээлийн хугацаа, үндсэн өр, хүүгээ ямар хугацаанд эргэн төлж чадахаа аж ахуйн үйл ажиллагааны “Бизнес төлөвлөгөө”-гөө харж байж шийдээрэй. Иргэн Болд 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр 5 сая төгрөг зээлсэн байна.
Хувилбар 1: Болд үндсэн төлбөр болох 5 сая төгрөгөө хугацааны эцэст буюу 12 сарын дараа, харин зээлийн хүүд сар бүр 100,0000,
жилд 1,200,000 төгрөг төлөхөөр болжээ. Болд худалдан авсан тоног төхөөрөмжөө ашиглан бүтээмж нь сайжирч сард 3 сая төгрөгийн орлого олох боломжтой болно. Зээлийн хүүгийн сарын төлбөр 100,000, мөн бусад зардал 2,2 сая төгрөг болно гэвэл сард 700,000, жилд 8,4 сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой.
Энэ тохиолдолд зээлийн үндсэн төлбөр 5 сая төгрөгөө төлөөд зогсохгүй, жилийн 3,4 сая төгрөгийн ашигтай ажиллаж, мөн өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэй болох юм.
Хувилбар 2: Болд зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 5 саяа 12 сарын дараа бус олсон орлогоосоо сар бүр 400,000 төгрөгөөр төлж чадвал 2 дахь сараас эхлээд сард төлөх зээлийн хүү нь 92,000 (5,000,000-400,000)х2%=92,000) мянган төгрөг болж буурна.
Ийнхүү жилд 1,200,000 төгрөгийн хүү төлөх байсан бол сар бүр орлогоосоо зээлийн үндсэн төлбөрийг төлснөөр жилд зээлийн хүүгийн зардалд нийт 680,000 төгрөг төлж 520,000 төгрөг хэмнэх боломжтой болно.