Хан–Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх цэцэрлэгт хүрээлэнд барилга барих гэсэн “Алтай констракшн”-ы үйл ажиллагаа зогсонги байдалд орж, сүүлдээ бүүр шүүхэд хандан дүүргийн шүүхийн шийдвэрээр “Алтай констракшн”-ы талд шүүхийн шийдвэр гарсан. Харин зарим нэгэн тэмцэгч нэртэй хувийн ашиг сонирхол хайсан нөхдүүд нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдөл гаргаж шүүхийн асуудал дахин хөндөгдсөн ч шүүх хурал болох ёстой өдрөө бололгүй тодорхойгүй шалтгаанаар хоёр ч удаа хойшлогдсоор байна. Тэмцэл нэртэй рекет үйл ажиллагаа явуулдаг Н.Байдраг тэргүүтэй нөхдүүд хорооны оршин суугчдыг турхиран, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг төдийгүй дургүйцлээ илэрхийлсэн иргэдийг “Та нар мөнгө авсан” гэж доромжилдог гэнэ. Тэдний даварсан үйлдэл хэрээс хэтэрч үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээн босголтын үйл ажиллагаанд саад тотгор учруулах болсонд оршин суугчид таагүй хандаж байгаагаас гадна “Мөнгө авсан” гэж гүтгүүлж байгаадаа гомдолтой байгаа аж. Н.Байдраг нь “Алтай костракшн” ХХК-ийн барилга барих төслийг удаа дараа нураасаар байгаагаа тэмцэл гэж нэрлэж байгаа ч цаанаа их хэмжээний мөнгө авах сонирхолтой байгаа гэж зарим нэгэн оршин суугчид нь ярьдаг юм билээ. Юм л бол телевиз, сонин сайтын сэтгүүлчдийг дуудан, нэр хүндийг нь унагана гэж рекетэлдэг Н.Байдрагийн балгаар “Алтай констракшн” ХХК-ийн өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан барилгын ажил зогссон тул тус компанийнхан шүүхэд хандахад хүрчээ. Хан-Уул дүүргийн шүүх “Алтай констракшн” ХХК барилга барих эрхээ хуулийн дагуу авсан болохыг нотолсон. Есдүгээр сарын хоёронд болох ёстой байсан дараагийн шатны шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар, 14-д буюу өчигдөр болох ёстой шүүх хурал ч мөн тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байгаад бухимдалтай байгаа аж. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярыг шүүхэд өгч даналзсан тус компанийхан ялна гэдэгтээ итгэлтэй байгаа төдийгүй шүүх үнэн мөнөөр нь шийдээд өгнө гэхээс өөр үг хэлэхээ байсан гэнэ.