“Ройтерс” агентлагийн сурвалжлах баг Монголд ажиллан Ерөнхий сайд С. Батболдтой ярилцлага хийжээ. Орос, Хятадын дундах Монгол Улсын эдийн засаг хурдтай өсч, дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа. Зэс болон нүүрсний аварга ордууд нээгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөшүүрэг болж байна. Ерөнхий сайд ярилцлагынхаа үеэр, “Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байдаг. Мөн хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөршийн бодлогыг баримталдаг. Гуравдагч хөршийн бодлогоороо бид Монголтой харилцаж байгаа Их гүрнүүдийн тэнцвэртай байдлыг барьж байдаг. Гадаад улсуудын тэнцвэртэй харилцаа, хамтын ажиллагаа бидний гадаад бодлогын гол стратеги юм. Гуравдагч хөрш гэдэгт Хойд Америкийн орнууд, Европын Холбооны улсууд, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг Азийн орнууд орно. Бид эдгээр улсуудтай найрсаг харилцаатай бөгөөд эдийн засаг, худалдааны хүрээнд хамтарч ажилладаг. Инфляцийг бууруулахын тулд Монгол Улсын Засгийн газар, төв банк мөнгөний хатуу бодлого баримтлах зорилт тавиад ажиллаж байгаа. Мөн инфляцыг бууруулах гол арга зам бол мэдээж гадны хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтаар орж ирсэн хөрөнгөөр бид дэд бүтэц, экспотод тулгуурласан аж үйлдвэр, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад анхаарч хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ жилийн эдийн засгийн өсөлт маш сайн байгаа. Ирэх жил ч эдийн засгийн өсөлт нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа учир богино болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй байна. Бид Норвеги Улсын эдийн засгийн загвараас суралцаж байгаа. Норвеги улс газрын тос болон байгалийн баялаг ихтэй улс. Үүнээсээ олсон ашгаараа нийгэм эдийн засгийн асуудлаа шийдэж байна. Мөн Чили, Канад улсууд Монголтой адил газрын баялагт тулгуурлаж хөгжиж байгаа. Эдгээр улсуудын ашигт малтмалын салбар эдийн засагт нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Бид эдгээр ашигт малтмал ихтэй орнуудаас усралцахын хажуугаар дэлхийн банктай хамтарч ажиллаж, цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлж байгаа” гэсэн байна.
Shuum.mn
Shuum.mn