logo
Ирэх сарын 1-ээс 14954 иргэнд газар өмчлүүлнэ

Ирэх сарын 1-ээс 14954 иргэнд газар өмчлүүлнэ

2014/07/18

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн дагуу 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр болсон. Энэ дагуу ирэх сарын 1-нээс эхлэн таван байршилд 14954 иргэнд газар өмчлүүлнэ. Ингэхдээ нийт 1524 га газрыг өмчлүүлэх юм. Хуулийн дагуу иргэн 0,07 га хүртэл газрыг өмчлөх эрхтэй ч хүртээмжийг бодон 0,05 га газар өмчлүүлэхээр болсон байна.

Тодруулбал,
-Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд,
-Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд,
-Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд,
-Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд,
-Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлнэ.

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэх байсан газар өмчлөлийн асуудал өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа нь иргэдийг урьд өмнө нь газар өмчилсөн эсэхийг хянах зорилгоор бүртгэл мэдээлэл цуглуулсантай холбоотой гэнэ. Өнөөдрийн байдлаар Завхан, Хөвсгөл аймгаас бусад аймгуудын мэдээлэл ирсэн байна.

Нийслэлийн хотын иргэд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт газар өмчлөх боломжтой байдаг. Тиймээс хөдөө орон нутагт газар авсан иргэд давхардуулан хотод газар эзэмшихээс сэргийлж буй нь энэ юм.

Иргэд “Газар өмчлөлийн цахим систем”-ийг ашиглан бүртгүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, насанд хүрээгүй зэрэг иргэд итгэмжлэгдсэн төлөөллөөр дамжуулан хүсэлт гаргана.

Хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс 15-ны хооронд хүлээн авна. Ажлын 10 хоногт багтаан хариуг мэдэгдэх юм.

Цахим системээр газар өмчлөхөөр сонгогдсон иргэн тухайн газрын харьяа дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногт багтаан өргөдөл гаргана. Харин нэг байрлал дээр давхардсан тохиолдолд сугалаа сугалан өмчлөх эрхээ авах аж.

Нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн бүртгэлтэй болсон иргэд газар өмчлөх эрхтэй юм байна. 2003 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсанаас хойш одоог хүртэл 102 мянган иргэн газар өмчилжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш