logo
Хөрөнгө оруулалтийн санхүүжилтийн хувь, хэмжээг нэмэгдүүлнэ

Хөрөнгө оруулалтийн санхүүжилтийн хувь, хэмжээг нэмэгдүүлнэ

2011/09/17
Засгийн газрын хуралдаанаар 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Төслөөс харвал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 264.7 тэрбум төгрөгийг тусгаж, нийт 892.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.  
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийт 627.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Тодотголын төсөлд ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбум төгрөг, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжинд шаардагдах 34.0 тэрбум, газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад 3.3 тэрбум, 100 мянган тонн улаанбуудай худалдан авч нөөцлөхөд 35 тэрбум төгрөг гээд санхүүжилт зайлшгүй шаардлагатай хөрөнгийг тусгажээ. 
Төсвийн орлогын эхний 7 сарын гүйцэтгэл, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, нэмэгдэх боломжит орлогыг бүрэн тооцон энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн нийт орлого 611.1 тэрбум төгрөгөөр, “Тогтворжуулалтын сан”-гийн орлого 35.8 тэрбум төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж Засгийн газар үзлээ. Тодотголын төсөлд тэнцвэржүүлсэн төсвийн орлогыг 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.
2011 оны эхний 7 сарын дунджаар нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 9,418.7 ам.долларт, нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 186.5 ам.долларт хүрчээ. Үнийн өсөлттэй холбоотойгоор “Тогтворжуулалтын сан”-д энэ онд 218.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна.
Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт:
2011 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 572.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,876.9 тэрбум төгрөг, нийт зарлага 765.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 4,849.9 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 193.5 тэрбум төгрөгөөр өсөн, нэгдсэн төсвийн нийт алдагдал 973.0 тэрбум төгрөгт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.6 хувь болохоор байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш