logo
Амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварсан цагдаа нарыг шагналаа

Амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварсан цагдаа нарыг шагналаа

2014/08/15
Өнгөрөгч сарын 26-ны өдрийн 09.00 цагт “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 53 дугаар байрны 5 давхраас унаж, нэг эмэгтэй амиа хорлох гээд байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Улмаар мэдээллийн дагуу Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер цагдаагийн дэслэгч С.Шинэтулга, эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч А.Түмэнхишиг нар очиход гэртээ суудаг, сэтгэцийн өвчтэй 60 орчим насны эмэгтэй 5 давхын тагтнаас 2 хөлөө унжуулан зүүгдэж байсан байна.

Цагдаа нар даруй 53 дугаар байрны дээвэр дээрээс олсоор бууж эмэгтэйг дотогш түлхэн амь насыг нь аварч, 4 цаг орчмын дараа Аврах 105 дугаар ангийн алба хаагчид ирж, цонхоор эмэгтэйг олсоор буулгажээ.

Хүний амь нас аварсан хэв журмын офицер цагдаагийн дэслэгч С.Шинэтулга, эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.Түмэнхишиг нарын гаргасан амжилтыг үнэлж, Монголын Залуучуудын холбооны “Эр Зоригийн Алдар” тэмдэгээр шагнаж урамшууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш